Хайх

Белль Үнсгэлжингээс яагаад илүү вэ гэдгийг Эмма Уотсон тайлбарлалаа

Белль Үнсгэлжингээс яагаад илүү вэ гэдгийг Эмма Уотсон тайлбарлалаа

Мөн ер нь л Диснейн бусад гүнжээс юугаараа илүү гэдгийг

Text: Buro.Mongolia


Жүжигчин Эмма Уотсон 2015 онд найруулагч Кеннет Бранагийн бүтээсэн "Cinderella" киноны Үнсгэлжингийн дүрд тоглох боломжтой байсан ч энэхүү төсөлд оролцохоос татгалзсан шийдвэр гаргаж байснаа Total Film сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр "Тухайн үед би Disney компанийг Beauty and the Beast киног хийх гэж байсныг мэдээгүй юм. Хэсэг хугацааны дараа тэд надад Беллийн дүрийг санал болгоход би зөвшөөрсөн. Учир нь энэ дүр надад Үнсгэлжингээс илүү ойр санагдсан. Белль хамаагүй сонирхолтой бөгөөд үлгэр дууриалал болоход тохиромжтой" гэж ярьсан байна.

Эмма Уотсон ба найруулагч Билл Кондон нар Беллийн дүрийг илүү амьд, сонирхолтой болгохын тулд хамтарч ажиллажээ. Эммагийн хэлснээр бол Белль хүчтэй зан ааштай төдийгүй Үнсгэлжингийн хажууд бие дааж шийдвэр гаргадаг, өөрийн гэсэн онцгой үзэл бодолтой гэнэ. "Тэр өөрийн үйлдлээр амьдарч буй орчин тойрныхоо нөхцөл байдлыг өөрчилж чаддаг бөгөөд энэ нь ч маш их урам зориг өгдөг. Белль өөрийн хувийн зан чанар ба үзэл бодлоо хадгалдаг бөгөөд хэн ч, ямар ч нөхцөл байдал түүний итгэл үнэмшлийг эвдэж чаддаггүй" гэж Эмма Уотсон ярьсан юм.

Билл Кондоны найруулж, Эмма Уотсоны гол дүрд нь тоглосон "Beauty and the Beast" бүрэн хэмжээний кино 2017 оны гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийх болно.

цааш үзэх