Долоо хоногийн онцлох Instagram: Эртний ховор сурталчилгаа цуглуулагч @adarchives
Винтэж мэдрэмж өгөх Ad Archives
Интернет орчин одоогийнх шиг хөгжөөгүй байх үед сонин сэтгүүл, зурагт хуудас гээд зөвхөн хэвлэмэл байдлаар гарч байсан ховор нандин сурталчилгааны зургуудыг олон нийтэд дэлгэсэн @adarchives хуудсыг энэ долоо хоногийн онцлох Instagram хуудсаар тодруулж байна. Дизайнер Том Форд Gucci-гийн бүтээлч захирал байх үедээ хийж байсан догь сурталчилгаа, домогт Levi’s брэндийн 1980-аад онд гаргаж байсан шинэ цуглуулгын хар цагаан зураг гээд винтэж мэдрэмж өгөх олон сонирхолтой бүтээлч ажлуудыг энэхүү хуудаснаас олж харах боломжтой. Ad Archives хуудсыг Халима Олалеми гэх бүсгүй хөтлөн явуулдаг ба тэрээр бага насандаа i-D, Dazed, V, Another зэрэг загварын сэтгүүлүүд цуглуулах хоббитой байж. Халимад ретро, винтэж уур амьсгалтай зүйлс маш их таалагддаг ба тэрхүү мэдрэмжээ бусадтай хуваалцахаар шийдэж Ad Archives хуудсыг 2015 онд нээж байжээ. 1970 оноос 2000 оны эхэн хүртэл хийгдэж байсан 1000 гаруй сурталчилгааг багтаасан Ad Archives танд бүтээлч санаа өгнө гэдэгт итгэлтэй байна.