Дуучин Prince-ийн өмнө нь олон нийтэд цацагдаж байгаагүй дуунуудаас бүрдсэн шинэ цомог гарна
Мөн түүний дурсгалд зориулсан вебсайтууд ашиглалтанд оржээ
Дуучин Prince-ийн өмнө нь олон нийтэд огт дэлгэж байгаагүй дуунуудаас бүрдсэн шинэ цомог 2018 оны есдүгээр сарын 28-нд худалдаанд гарах болсон тухай Variety сэтгүүл мэдээллэсэн байна. Prince-ийн харьяалагдаж байсан дуу бичлэгийн компани болох Atom Factory түүний энэхүү цомгийн ажлыг эхлүүлсэн ба тэд үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт алдарт "Nothing Compares 2U" дууны анхны хувилбарыг цацсан билээ.
Atom Factory компанийн гүйцэтгэх захирал Трой Картер Variety-д өгсөн ярилцлагадаа "Дуучны архиваас түүний шүтэн бишрэгчдэд барьж болох маш онцгой нэгэн бүтээлийг олсон бөгөөд энэ намар эцсийн байдлаар цацах болно" гэж дурдсан байна.
Мөн Atom Factory дуучин Рrince-ийн дурсгалд зориулан хоёр шинэ вебсайт ашиглалтанд оруулсан байна. Тодруулбал "Prince2Me" нэртэй вебсайт нь алдарт дуучны шүтэн бишрэгчдэд зориулсан бол, "Prince Estate" гэх вебсайт нь түүний уран бүтээлийн архивыг агуулж байгаа аж.
Нэмж хэлэхэд дуучин Prince 2016 онд таалал төгсөхөөсөө өмнө өөрийн намтар номыг гаргахаар төлөвлөж, 50 хуудас материал бичиж амжсан байсан юм. Тэгвэл түүний энэхүү намтар ном нь энэ оны сүүлээр хэвлэгдэн гарахаар болжээ.