Хайх

\"Emily in Paris\" Алтан Бөмбөрцөг наадамд нэр дэвших ёсгүй байсан уу?

"Emily in Paris" Алтан Бөмбөрцөг наадамд нэр дэвших ёсгүй байсан уу?

Наадмын зохион байгуулагчдыг хахууль авсан хэмээн буруутгаж байна

Text: Buro.Mongolia


Энэ сарын эхээр Алтан Бөмбөрцөг наадмын нэр дэвшигчид тодорсон билээ. Нэр дэвшсэн бүтээлүүдийн дунд Netflix-ийн "Emily in Paris" цуврал орсон байсан нь олон хүнийг гайхшруулаад авсан. Учир нь бэлгийн хүчирхийллийн тухай өгүүлсэн, асар өндөр үнэлгээтэй HBO сувгийн "I May Destroy You" цуврал нэр дэвшигчдийн дунд багтаагүй байхад "Emily in Paris" орсон байсан нь олон хүний дургүйцлыг хүргээд байгаа юм.

Үүнээс болж кино шүүмжлэгчид наадмын шүүгчдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хэмээн буруутгасан байна. Тэр ч бүү хэл "Emily in Paris" цувралын кино зохиолч Дебора Копакен өөрийнх нь бүтээсэн цуврал нэр дэвшсэнд баярласан ч "I May Destroy You" хасагдсанд гайхсанаа илэрхийлжээ. Тэрээр "I May Destroy You бол миний хамгийн дуртай цуврал. Энэ цуврал бэлгийн хүчирхийллийн сэдвийг хөндсөн. Би өөрөө ч бэлгийн дарамтыг туулж үзсэн. Бидэнтэй өөрийн зүрх сэтгэл, оюун санаа, хошин шогийн мэдрэмжээ хуваалцсанд баярлалаа" хэмээн цувралыг бүтээсэн Микаэла Коэльд хандан бичжээ.

Түүнчлэн олон хүн Алтан Бөмбөрцөг наадмын зохион байгуулагчдыг системчилсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд буруутгаж байна. Үүний зэрэгцээ Los Angeles Times сонин өөрсдийн гэсэн мөрдлөг явуулж, энэ хэргийн хамаг учир хээл хахуульд байгааг олж тогтоожээ. Тодруулбал Алтан Бөмбөрцөг наадмын оролцогчид болон ялагчдыг 87 олон улсын сэтгүүлчдээс бүрдсэн Холливүүдийн гадаад хэвлэлийн агентлаг (HFPA) шалгаруулдаг. Тэгвэл 2019 онд тэдгээр 87 гишүүнээс 30 гаруй нь "Emily in Paris" цувралын зураг авалтын талбайд зочлохын тулд Парис хотод нисэж ирсэн байна. Улмаар тэд Peninsula Paris нэртэй таван одтой зочид буудалд (хоногийн 1,400 ам.доллар) хоёр хоног буудаллаж, Musée des Arts Forains музейд хоолложээ. Энэ бүх зардлыг "Emily in Paris" цувралын сурталчилгааг хариуцдаг Paramount Network компани төлжээ.

Энэ талаар агентлагийн зарим гишүүд тайлбар өгч, тэдэнд өөрчлөлт хэрэгтэй байгааг онцолжээ. "Бид олон нийтийн сөрөг реакцтай тулгарсан. Ингэх нь ч зөв. Энэ бүтээл 2020 оны ямар ч шилдэг цувралын жагсаалтад ороогүй. Энэ бол бидэнд өөрчлөлт хэрэгтэй байгааг харуулсан маш тод жишээ" хэмээн нэрээ нууцалсан нэгэн гишүүн ярьжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх