Жиоржио Армани усны сэдэвт зургуудаа дэлгэнэ
Үргэлжилсээр
Парисын Grand Palais-д арваннэгдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд 19 дэх удаагийн Олон улсын гэрэл зургийн Paris Photo үзэсгэлэн болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн сонирхогчид болон мэргэжлийн гэрэл зурагчдын анхаарлыг нэлээдгүй татдаг билээ. Арга хэмжээний албан ёсны хамтрагч, дизайнер Жиоржио Армани үзэсгэлэнд зургаадах удаагаа оролцож байгаа бөгөөд уламжлал ёсоор усны тухай сэдэв хөндөх нь ээ. Тэр усны бүхий л бүтэц ба амьдралыг тэтгэх хүчийг таниулах зорилготой зургууд бэлдсэн аж. Зургуудын санааг илтгэх гол шугамыг нь "Reflecting on water" гэх үгээр төлөөлүүлсэн байна. Энэ нь усан дээрх тусгал гэхээс илүү эргэцүүлэн бодох, бясалгах гэсэн санааг илэрхийлж байж болох бөгөөд зургууд бүрэн санааг нь гүйцээх биз ээ.
Жиоржио Арманы өмнө нь усны тухай сэдвийг олон үйл хэрэгтээ тусгасан. Дизайнерын хувиар хувцас болон үнэртний цуглуулгадаа усыг байнга оруулдагаас гадна тэрбээр 2009 онд "Acqua for life" нэртэй төсөл эхлүүлжээ. Тэрхүү төсөл нь буурай хөгжилтэй орнуудын хүн амыг ундны усаар хангах зорилт дэвшүүлэн, хувь нэмрээ оруулж байлаа.