Харри Стайлз ханхүү Эрикийн дүрээс татгалзах болсон шалтгаанаа тайлбарлалаа
Мөн санамсаргүй байдлаар аялан тоглолт хийхээ зарлажээ
Саяхан дуучин, жүжигчин Харри Стайлз шинээр бүтээгдэж буй "Бяцхан лусын дагина" кинонд ханхүү Эрикийн дүрд тоглохоор хэлэлцээр хийж байгаа талаар хэвлэл мэдээллийнхэн мэдэгдэж байсан ч тэрээр тодорхойгүй шалтгааны улмаас төслөөс татгалзах болсон юм. Тэгвэл одоо Харри Стайлз Capital радиод ярилцлага өгөх үеэрээ яагаад ийм шийдвэр гаргах болсноо тайлбарласан байна.
"Ийм төрлийн кино маш удаан хугацааны турш зураг авалт хийдэг. Харин би дараа жил аялан тоглолт хийхийг хүссэн. Магадгүй, би сайн мэдэхгүй байна. Одоогоор аялан тоглолт зарлагдаагүй байгаа" гэж Харри Стайлз ам алджээ.
Түүнчлэн тэрээр "Бяцхан лусын дагина" киноны найруулагч Роб Маршаллтай биечлэн уулзсан бөгөөд түүнийг үнэхээр гайхамшигтай хүн хэмээн хэлж, шинэ "Бяцхан лусын дагина" гайхалтай болно гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ хуваалцсан байна.
Эргэн сануулахад "Бяцхан лусын дагина" киноны Ариэль гүнжийн дүрийг залуу дуучин Халли Бэйли бүтээхээр болсон билээ. Түүний найз Флаундер загасны дүрийг Жейкоб Трамбле бүтээх бол Скаттл гэх цахлай шувуу дуучин, жүжигчин Аквафинагийн (Crazy Rich Asians) хоолойгоор ярих юм . Харин хорон санаат далайн шулам Урсулагийн дүрд хоёр удаагийн Эммигийн шагналт жүжигчин Мелисса Маккарти тоглох болсон нь батлагдаад байна. Одоогоор Ариэлийн дурлалт залуу, ханхүү Эрикийн дүрийг ямар жүжигчин бүтээх нь тодорхойгүй байгаа юм.