Лондонд Энни Лейбовицийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
Марина Абрамович, Малала, Кейтлин Женнер болон бусад бүсгүйчүүд
Бүсгүйчүүд бол Энни Лейбовицийн мөнхийн сэдэв билээ. Анх 15 жилийн өмнө Сьюзен Зонтагтай хамт эхэлж байсан ижил нэрт гэрэл зургийн төсөл нь одоо үзэсгэлэн нээх хэмжээнд хүрчээ. Лейбовиц алдарт болон нэрд гараагүй жирийн бүсгүйчүүдийг гэрэл зургандаа буулгахдаа тэд хэрхэн улс төр, спорт, хөгжим, урлагийн ертөнц, уран зохиолд нөлөөлж буйг харуулдаг билээ. Түүний дуранд Малала, Кейтлин Женнер, Лина Данэм, Марина Абрамович, Адель, Эми Шумер, Серена болон Винус Уильямс гээд олон бүсгүйчүүд багтсан бөгөөд мөн хүүхдүүдийн хамт авахуулсан өөрийнх нь хөрөг зураг ч багтдаг. Тэрбээр Германы канцлер Ангела Меркелийн гэрэл зургийг авах хүсэлтэй байгаагаа BBC Radio 4-д өгсөн ярилцлагадаа дурьдаж байлаа.
Зурагчин өөрийн шинэ ажлыг төлөвлөж байх зуур бид бүгд Лондонд нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх үзэсгэлэнгээс үзэж болох нь ээ. Women: New Portraits гэрэл зургийн үзэсгэлэнг Лондонгоос гадна мөн Токио, Сан-Франциско, Сингапур, Хонконг, Мехико, Нью-Йорк, Цюрих, Стамбул болон Франкфурт зэрэг газруудад дэлгэхээр төлөвлөжээ.