Пиппа Миддлтон ба Жеймс Мэттьюс нарын хурим: Шилдэг зургууд
Хэрхэн зохион байгуулагдсан бэ?
Оны хамгийн дуулиантай хуримаар нэрлэгдээд буй Пиппа Миддлтон ба Жеймс Мэттьюс нарын хурим өчигдөр болж өнгөрлөө. Тодруулбал Англи улсын ирээдүйн хатан хаан Кейт Миддлтоны бага дүү Пиппа эрсдэлийн сангийн менежер Жеймс Мэттьюстай Англи улсын St. Mark's сүмд тавдугаар сарын 20-нд албан ёсоор хувь заяагаа холболоо.
Энэхүү гайхамшигт өдөр Пиппа Миддлтон Их Британийн дизайнер Жайлс Диконы урласан хуримын даашинзаар гоёж, Manolo Blahnik брэндийн зааны ясан өнгөтэй сатин туфли өмсөж, Robinson Pelham үнэт эдлэлийн брэндийн ээмэг ба титмээр чимлээ. Тэрээр товлосон газартаа задгай дээвэртэй эртний Jaguar машинтай хүрэлцэн ирж, аав Майклын хамтаар сүм рүү алхан оржээ.
Хуриманд уригдсан зочид дунд Кембрижийн гүн Уильям ба гүнгийн ахайтан Кейт Миддлтон, ханхүү Харри, Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер, сүйт залуугийн ах Спенсер Мэттьюс, Йоркийн гүнж Евгения болон бусад олны танил эрхмүүд харагдлаа. Харин Кейт ба Уильям нарын өхөөрдөм хүүхдүүд Шарлотта гүнж ба ханхүү Жорж нар зочид дундуур цэцэг барин алхлаа.