Хайх

Playtime 2018 наадмын үеэр үндсэн хөтөлбөрөөс гадна өөр ямар сонирхолтой зүйлс болох вэ?

Playtime 2018 наадмын үеэр үндсэн хөтөлбөрөөс гадна өөр ямар сонирхолтой зүйлс болох вэ?

Урлагийн инсталляц харж, йогоор хичээллэж, хөлбөмбөгийн ДАШТ үзэх боломжтой

Text: Buro.Mongolia


Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам Playtime долоодугаар сарын 6-8 хооронд 17 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын болон Монгол уран бүтээлчдийн тоглолтуудаас бүрдсэн үндсэн хөтөлбөрөөс гадна Playtime наадам энэ жил арга хэмжээний цар хүрээгээ тэлж "Playtime +" гэх шинэ хөтөлбөр зарлажээ. "Playtime +" хөтөлбөрийн хүрээнд наадмын зохион байгуулагчид "La Vie En Rose", "Waldo" асар, "Хил хязгааргүй" гэсэн нэмэлт тайз ба асруудыг засч, цоо шинэ төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ингээд наадмын үеэр амьд тоглолтууд үзэхээс гадна гурав хоногийн турш өөр ямар сонирхолтой зүйлс хийж болох талаар бид танилцуулахаар шийдлээ.

"La Vie En Rose" тайз

Энэ жил "La Vie En Rose" тайзнаа The Lemons хамтлаг, Sir Alex хамтлагийн гишүүн Энхманлай нар уран бүтээлээ хүргэж, мөн UB Comedy Club-ын залуус тоглолтоо үзүүлэх болно. Мөн олон сонирхолтой хэлэлцүүлгүүдэд оролцож, "speed dating" арга хэмжээнд хамрагдах боломжтой. Мөн танд хүссэн дүрдээ хувирах боломж олгох Cotton & Candy фото студи ажиллах болно. Түүнчлэн энд та Тагтаа хэвлэлийн газрын зохион байгуулах яруу найргийн уншлагад оролцож, Алтан Хальс бие даасан кино наадмын шилдэг бүтээлүүдийг үзэх боломжтой байна.

"Waldo" асар

Хэрэв та дуу чимээнээс түр ч болов холдож, тайван орчинд байхыг хүсвэл Waldo асрыг зориорой. Энд та UB Passport-ын алдарт чихэвчтэй, чимээгүй үдэшлэгт (Silent Party) оролцож эсвэл кофе уух зуураа "Ханг" гэх нэгэн өвөрмөц хөгжмийн намуухан хэмнэлд амарч, хүч тэнхээгээ сэлбэж болох юм. Үүнээс гадна "Waldo" асарт МУЗ-ын залуу манлайлагчдын бүтээсэн "Цаг хугацаагаар аялах майхан" гэх бүтээлч төсөл болон СУИС-ийн оюутнуудын пост модерн театрын тоглолт танилцуулагдана. Эцэст нь Мандала йогийн студиэс зохион байгуулж буй хосуудын йогийн хичээлд сууж, алжаалаа тайлах боломж ч бий шүү.

"Хил хязгааргүй асар"

Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулдаг "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам энэ жил Playtime наадамтай нэгджээ. Ингэснээр Playtime-ын үеэр Франц, Герман, Хятад, Беларус улсын уран бүтээлчдийн "Хил хязгааргүй" гэх сэдэвтэй инсталляцуудыг танилцуулахаар болсон байна.

Мөн хөлбөмбөгийн хорхойтнуудад сайхан мэдээ дуулгахад, Playtime 2018 наадам Хөлбөмбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ 2018) бүх тоглолтуудыг шууд дамжуулахаар болсон байгаа. Ингэснээр та Playtime наадам дээр очсоноор чухал тоглолтоо алгасна гэж санаа зовох хэрэггүй боллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх