Жүжигчин Кристиан Бэйл шинэ дүрийн төлөө дахин эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй
Тэрээр карьерынхаа турш зураг авалтад зориулан тогтмол жин нэмж, хасдаг байжээ
Жүжигчин Кристиан Бэйл шинэ кинонд тоглох бүртээ гаднах төрхөө эрс өөрчилж, тухайн дүрдээ бүрэн ордог жүжигчдийн нэг билээ. Бүр тодруулбал тэрээр огцом жин нэмж, хасдагаараа алдартай. Тэгвэл тэрээр одоо шинэ дүрд тоглохын тулд дахин эрүүл мэндээрээ хохирохгүй гэдгээ мэдэгдлээ. "Би одоо дахин үүнийг хийж чадахгүй. Үнэхээр чадахгүй нь. Би үхэлтэйгээ нүүр тулгараад байна" хэмээн хэлжээ.
Жишээ дурдахад Холливүүдийн алдарт жүжигчин "The Machinist" (2004) кинонд тоглохын тулд нийт 30 кг жин хасаж, ердөө 55 кг жинтэй болж байжээ. Удалгүй тэрээр Бэтмений дүрийг бүтээхийн тулд булчингийн массаа огцом нэмэгдүүлж байсан юм. Мөн 2013 онд "American Hustle" кинонд илүүдэл жинтэй Ирвинг Розенфелдийг дэлгэцнээ амилуулахын тулд дахин 13 кг жин нэмжээ. Харин хамгийн сүүлд Кристиан Бэйл "Vice" кинонд Америкийн улс төрч Дик Чейнигийн дүрд тоглохын тулд дахин эрс таргалсан юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэрээр энэ удаад хамгийн багадаа л 19 кг нэмсэн байна.
Сонирхуулахад энэ дүрийг бүтээх явцад Бэйл "Darkest Hours" кинонд Уинстон Черчиллийн дүрийг бүтээсэн жүжигчин Гэри Олдманаас хэрхэн жин нэмсэн талаар нь зөвлөгөө авахаар шийдсэн бөгөөд улмаар Олдман нүүр хувиргагчдын тусламжтай эрс өөрчлөгдөж чадсаныг тэрээр олж мэдсэн байна. Тэрээр энэ тухай "Үүнийг сонсоод би өөрийгөө усан тэнэг гэж бодсон. Гэхдээ тухайн үед аль хэдийнэ 9 кг жин нэмчихсэн байсан учраас нэгэнт эхэлсэн зүйлээ дуусгахаар шийдсэн" хэмээн ярьжээ.
Дашрамд дурдахад тэрээр Дик Чейнигийн дүрээр 91 дэх удаагийн Оскарын наадмын "шилдэг эрэгтэй жүжигчин" шагналд нэр дэвшээд байгаа юм.