Хайх

Liza Belotserkovskaya, Geoma брэндийн үүсгэн байгуулагчид ярьж байна

Liza Belotserkovskaya, Geoma брэндийн үүсгэн байгуулагчид ярьж байна

Бюро 24/7 ярилцлага

Text: Ө.Тодгэрэл


Ид шид, үлгэрийн ертөнцийн биелэл шиг Liza Belotserkovskaya, Geoma брэндийн үүсгэн байгуулагчид өөрсдийн онцлог, алсын харааг тайлбарлаж, үнэт эдлэлийн бизнест хөл тавихыг хүсч буй хүмүүст зөвлөгөө өглөө

Саяхан Улаанбаатар хотноо Liza Belotserkovskaya, Geoma брэндүүд Бюро 24/7 -той хамтран pop-up бутик зохион байгуулсан билээ. Тэднээс бид цөөн асуулт асууж, үнэт эдлэлийн брэнд хэрхэн бий болдогоос сонирхож танд хүргэхийг хүсссэн юм. Мөн та эдгээр гоёмсог үнэт эдлэлээс захиалан авч, Liza Belotserskovskaya брэндийн загваруудыг өөрийн дуртай чулуугаар чимж, Geoma брэндийн бугуйвчийг хүүхдийнхээ тоогоор хийлгэн авах боломжтой.

Liza Belotserkovskaya, Geoma брэндийн үүсгэн байгуулагчид ярьж байна (фото 1)

Liza Belotserkovskaya брэнд, Марина Белоцерковская

Марина Белоцерковская бол 23 наснаасаа эхлэн загварын бизнест хөл тавьсан, Ярославль хотод өөрийн гэсэн брэндийн хувцас, аксесуарын дэлгүүр болон уран зургийн галерейтэй бүсгүй юм.

Таныг анх үнэт эдлэлийн брэнд үүсгэн байгуулахад юу нөлөөлсөн бэ? 

Liza Belotserkovskaya үнэт эдлэлийн компани үүсгэн байгуулагдаад долоон жил болж байна. Би компаниа байгуулахаас өмнө загварын салбарт ажиллаж байсан бөгөөд загвар бас урлагт ухаангүй хайртай хүн. Дээр нь надад өөрийн гэсэн галерей, загварын дэлгүүр бий. Тиймээс ажлын дагуу байнга загварын шоу үзэх, хот болон орнуудаар аялж захиалга өгч, авах гээд олон чухал уулзалтад оролцдог тул би нэгэн удаа өөртөө зориулж маш онцгой, бусдад байхгүй ээмэг хийхийг хүссэн юм. Тэр үед миний сайн танил, ажлын хамтрагч бүсгүй маань надад ээмэг бүтээхэд тусласан. Би ямар нэгэн ид шидийн, үлгэрийн мэт, дундад зууны уур амьсгалтай, намайг илэрхийлэх загвар гаргахыг хүсч, эцэст нь бид сахиусан тэнгэрийн далавч бүхий гайхамшигтай ээмэг бүтээсэн. Тун удалгүй би шинэхэн ээмгээрээ гоёод томоохон арга хэмжээнд оролцоход тэнд ирсэн зочид миний ээмгийг их сонирхож, хаанаас худалдан авч болохыг асууж байсан юм. Ингээд л хамтрагч бид хоёр үзэсгэлэнт гүнж ба нэг эвэртийн тухай үлгэрийн сэдвээр дизайнаа гарган бүтээж, дараа нь үйлдвэрлэж эхэлсэн дээ. Одоогоор бид 3000 гаруй скиз зураг, гарган ажиллаад байгаа.



Таны бүтээлүүд язгууртны, аль эсвэл од эрхсийн хэв маягтай гэмээр маш гоёмсог харагддаг. Энэ санааг та хэрхэн олж, гаргасан бэ?

Миний бодлоор бүх л бүсгүйчүүд, мөн зарим залуус багадаа ямар нэгэн үлгэрт итгэдэг байсан. Насанд хүрсэн хойноо ч мөн адил бүгд л ямар нэгэн зүйлд итгэж, мөрөөдөж явдаг. Би өөрөө хувь тавилан, од эрхэс, заяа төөрөгт их итгэдэг. Түүнчлэн би дундад зууны үлгэр, түүхэнд хязгааргүй дуртай. Тэгэхээр миний загварууд намайг илэрхийлсэн, миний хийхийг хүссэн зүйл юм. Дизайнаа гаргахдаа би удаан бодож суугаагүй, хаа нэгтэйгээс санаа гаргаж ирэх гэж зүдрээгүй. Бүх юм цаанаасаа урсаад л гараад ирсэн. Харин брэндийнхээ нэр дээр маш их цаг алдсан шүү. Манай компани дөрвөн жилийн турш албан ёсны нэргүй, зөвхөн логотой үйл ажиллагаагаа явуулсан. Удалгүй би жирэмсэн болсноо мэдэж, хайрт охиныхоо нэрээр брэндээ нэрлэхийг хүссэн.

Ерөнхийдөө би үнэт эдлэлээ энгийн байлгахыг хүсдэггүй. Ийм нарийн бүтэцтэй, "хэцүү" байдаг нь надад илүү их таалагддагТа загваруудаа хэр ойрхон шинэчлье гэж боддог вэ?

Бид үнэт эдлэлийнхээ үлгэрийн, дундад зууны маягтай энэ загварыг хэзээ нэгэн цагт өөрчлөнө гэж бодохгүй байна. Энэ бол бидний түүх, бидний брэнд, бидний сэдэв юм. Хамгийн сонирхолтой нь бидэнд хуучин аль эсвэл шинэ цуглуулга гэж байхгүй. Харин оронд нь боть гэх ойлголт бий. Өөрөөр хэлбэл үнэт эдлэлийн хайрцаг дээр нэгдүгээр эсвэл хоёрдугаар боть гэсэн бичиг байх болно. Түүнчлэн бидний бүтээгдэхүүнүүд "Рыцарь", "Шидэт ой", "Одтой тэнгэр" зэрэг цувралуудад хуваагддаг юм. Мэдээж хэрэг бид загварын ертөнцөд өрнөж буй тренд дагаж, үнэт эдлэлийнхээ өнгө ба жижиг деталиудыг өөрчилдөг. Гэхдээ ерөнхий санаа ба эх загвар энэ хэвээр үлдэнэ. Миний бодлоор энэхүү дизайн хэзээ ч "моод"-оос гарахгүй, мөнхийн гоо үзэсгэлэнтэй. Жишээ нь бид аль долоон жилийн өмнө бүтээсэн үнэт эдлэлийг манай улсад дөнгөж одоо л ойлгож эхэлж байгаа. Харин Европ, Америкийн орнууд бидний санааг их сайн ойлгодог шүү. Ерөнхийдөө би үнэт эдлэлээ энгийн байлгахыг хүсдэггүй. Ийм нарийн бүтэцтэй, "хэцүү" байдаг нь надад илүү их таалагддаг.

Үнэт эдлэлийн бизнест олон зуун жилийн түүхтэй брэнд олон бий. Тэгэхээр цаашдаа бусад брэндүүдтэй амжилттай өрсөлдөхөд танд юу хэрэгтэй гэж боддог вэ?

Мэдээж хэрэг би брэндээ ямар нэгэн байдлаар түүхэнд бичигдэхийг хармаар байна. Одоогийн байдлаар бидний үнэт эдлэлийг Москва хотын ЦУМ, Алмата хотын Constella зэрэг маш нэр хүндтэй томоохон дэлгүүрүүдэд худалдаалдаг. Тэдгээр дэлгүүрүүд биднийг Итали, Францын алдарт брэндүүдтэй зэрэгцүүлэн тавьсан байгаа нь бидний хувьд маш том амжилт гэж бодож байна. Түүнчлэн бид брэндээ хөгжүүлэх тал дээр нухацтай хандаж, том төлөвлөгөө гаргасан. Тухайлбал бид Лив Тайлортой сурталчилгаа хийхийг хүсэж байгаа. Учир нь түүний төрх бидний сэдэвтэй төгс зохицдог. Тэр бодит амьдрал дээрх жинхэнэ эльф мэт маш үзэсгэлэнтэй. Бид үүсгэн байгуулагдсан цагаас хойш одоог хүртэлх хугацаанд бүтээгдэхүүнийхээ дизайныг гаргаж, үйлдвэрлэлтийн үйл явцыг хянаж, бүх зүйлийг төгс болгох зорилго өмнөө тавьж ажиллаж ирсэн. Харин одоо бид PR-даа илүү их хөрөнгө, цаг зав зарцуулах болно.

 үнэт эдлэлийн бизнест зөв санаа олох нь чухал ач холбогдолтой. Таны үнэт эдлэл тодорхой нэгэн сэдэвтэй, шинэлэг санаатай байх хэрэгтэй

Та олон газраас үнэт чулуунуудаа цуглуулж, авдаг. Танай брэндийн гол онцгой чулуу хаанаас ирдэг вэ?

Миний хувьд анар чулуутай ажиллах их дуртай. Анар бол маш гүнзгий утгатай, хүнд сайхан сэтгэгдэл үлдээдэг, гоёмсог чулуу юм. Түүнчлэн манай брэндийг онцгой, сүрлэг болгодог чулуу бол Гэрэлт чимэд /Опал/ юм. Мөн Родалит, Турмалин, Амитрин, Марганит зэрэг маш ховор өвөрмөц чулуунууд манайд бий. Бид томоохон нийлүүлэгчтэй хамтарч ажилладаг ба чулуугаа Мозамбик, Танзани, Энэтхэг, Тайланд, Урал гэх мэт дэлхийн өнцөг булан бүрээс захиж авдаг. 

Үнэт чулуунууд өөрийн гэсэн ид шидийн чадвартай гэдэг. Та үүнд итгэдэг уу?

100% итгэдэг. (Инээв)

Өөрийн гэсэн үнэт эдлэлийн брэнд нээхийг хүсэж байгаа хүмүүст та юу зөвлөх вэ?

Аливаа бизнес эрхлэхэд мэдээж олон саад тотгор учирдаг. Хамгийн чухал нь таны хийж байгаа зүйл танд таалагддаг байх хэрэгтэй. Хэрвээ та сэтгэлээсээ биш, зөвхөн бизнесийн төлөө, таалагдахгүй зүйлээ хийвэл бүх юм нурах болно. Түүнчлэн үнэт эдлэлийн бизнест зөв санаа олох нь чухал ач холбогдолтой. Таны үнэт эдлэл тодорхой нэгэн сэдэвтэй, шинэлэг санаатай байх хэрэгтэй. Үүн дээр та их хичээл зүтгэл гаргаж, цаг заваа зарцуулах шаардлага гарна. Хэрвээ та өөрийнхөө үнэт эдлэлийн санааг сайн ойлгож, мэдэрдэг бол цаашид асуудал үүсэхгүй гэж бодож байна. Түүнээс гадна өнөөгийн нийгэмд дөнгөж төрж буй, шинэхэн, жижигхэн брэндүүдийг хэцүү нөхцөл байдал угтан авдаг. Хүмүүс олонд танигдсан, том брэндийг илүү их зорьдог. Тэгэхээр та өөрийн гэсэн хэрэглэгчдийн хүрээгээ олж авах хэрэгтэй. Chanel эсвэл Tiffany худалдан авах чадвартай, хангалуун хэрнээ өөрийн гэсэн стиль, үзэл бодолтой хүмүүс ихэвчлэн илүү чөлөөт сэтгэлгээтэй байдаг. Ерөнхийдөө асар олон асуудал үүснэ. Тэр дунд та зөв санаа, зөв хамт олонтой байх нь л хамгийн чухал зүйл.

Liza Belotserkovskaya, Geoma брэндийн үүсгэн байгуулагчид ярьж байна (фото 2)

Geoma брэнд, Дарья Пухаева

Та анх брэндээ байгуулах санааг хэрхэн олж байсан бэ?

Бидэнд хэн нэгэн дотны хүндээ, найздаа юу бэлэглэх вэ гэсэн асуудал үргэлж тулгардаг шүү дээ. Таван жилийн өмнө миний найз энэхүү хүүхдийн дүрстэй бугуйвчны дизайныг гаргасан юм. Тэр гурван хүүхдийн ээж учраас амьдралын хамгийн үнэт зүйл юу болохыг сайн мэддэг.  Эхний загвараа тэрбээр өөртөө зориулж хийсэн бөгөөд хоёр дах загвараа намайг анхны хүүхдээ төрүүлэхэд хийж бэлэглэсэн юм. Үүнээс хойш манай найзууд, тэдний танилууд гээд их олон хүн яг ижил бугуйвчтай болохыг хүссэн. Ингэснээр бид үүнийг бизнес болгож болох юм гэдгийг ойлгож, компани байгуулахаар шийдсэн. Одоо би бие даан бизнесээ явуулж байгаа. Өнгөрсөн жилээс компани маань нэрд гарч, Оросод олон хүнд танигдсан. 

Монголд ирсэн зорилгодоо та хэр сэтгэл хангалуун байна вэ?

Надад гайхалтай сэтгэгдэл төрсөн. Монголын зах зээлд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний салбар хөгжиж байна. Удахгүй илүү их дэлгэрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Бидний энэ удаагийн аялал анхны удаа ч гэлээ сүүлийнх биш. Монгол орон надад гайхалтай сайхан мэдрэмж өгсөн.

Та дараагийн удаа аялахаар ирэх үү эсвэл бизнес уулзалтаар уу?

Миний бодлоор зуны улиралд ирвэл илүү сонирхолтой байх. Яагаад гэвэл гадуур явж, аялахад тохиромжтой шүү дээ. Одоо хэт хүйтэн байгаа учир гадуур тайван явах боломж байхгүй. Жишээ нь хотоос гаднах байгалийг үзмээр байв ч маш хүйтэн байна.

Та ирээдүйд Монголд бутик нээх бодол байгаа болов уу?

Яагаад болохгүй гэж? Миний бодлоор зөвхөн ганц брэндийн дэлгүүр биш харин хувцасны дизайнер, гоёл чимэглэлийн дизайнеруудын брэндүүдийг цуглуулж бутик нээвэл зүгээр байх. Одоо Оросод чадварлаг дизайнерууд олон болсон. Тэд Монголд ирж загвараа танилцуулвал сонирхолтой байх болно. Бутик нээх санааг их сайхан санаа гэж бодож байна. Мэдээж Москвагаас өөр газар хамтрагч нартай байх нь чухал учраас бид саяхан Казакстанд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба тэнд олон үйлчлүүлэгчтэй болж байгаадаа сэтгэл өндөр байгаа. Цаашдаа олон хүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

 

цааш үзэх