Хайх

Buro 24/7 тойм: Alena Akhmadullina, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Alena Akhmadullina, pre-fall 2016

Тэнгэрийн хүү

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ удаад Алена Ахмадуллина орос ардын үлгэр биш, харин тэнгэрийн дайчин Гэсэрийн тууль буюу Буриад, Төвд, Монголын домгоос санаа авч, цуглуулга бүтээжээ. Цуглуулга хэтэрхий дайны сэдэвтэй биш, харин донжийг нь олсон сайхан загваруудтай болсон харагдана

Дизайнерын цуглуулгын сэдвийг сонсоод бид ямар нэгэн хурц өнцөгтэй загварууд аль эсвэл хуяг, дуулга харахыг хүлээж суусан билээ. Гэтэл тэр зөөлөн ба тав тухтай хослол, бөмбөгөр хормойтой даашинз, мөн хээтэй өмд, цамц зэрэг хувцаснууд танилцуулж, биднийг гайхшруулж чадлаа. Гэхдээ мэдээж хэрэг зарим элементүүд баатрын өмсгөлийг санагдуулж байлаа. Тухайлбал товгор фактуртай даавуугаар хийгдсэн туник ба өмдний хослол дээрх товгор цэгүүд гинжин кольц санагдуулж, харин үслэг эдлэлийн наамал нь хуяг дээрх нэмэлт өргөс мэт харагдана. Азийн соёлоос санаа авсан загварууд үүгээр дууссангүй. Том хэмжээтэй, over-size загварууд дорнын зарим үндэсний хувцастай төстэй байв. Түүнчлэн олон давхарласан хувцас (жишээ нь урт туник, өмд дээр хослуулсан олон давхар гадуур хувцас), ганган кафтан-халат, үслэг эдлэлийн оруулга зэрэг нь бүгд Ази хэв маяг агуулжээ.

Брэндийн хамт олон уламжлал ёсоор шинэ цуглуулгадаа зориулж тусгай зохиолчдын хээ сэдэж олжээ. Энэ удаад хувцаснуудыг чимсэн хээ тэнгэрийн хүү Гэсэр баатрын домгоос урам авсан байна. Гэсэр баатрын өөрийнх нь дүрсийг брэндийн зураачид гаргаагүй ч гэлээ домог дээрх байгалийн үзэмжийг загварууддаа буулгасан байна. Хар уулс, цэнхэр ба ягаан туяатай долгиолсон үүлс зэрэг нь үнэхээр гайхамшигтай харагдаж байлаа. Энэхүү элемент нь зөвхөн хувцаснууд дээр биш, мөн брэндийн аксесуар дээр ашиглагджээ.

цааш үзэх