Buro 24/7 тойм: Christian Dior, pre-fall 2016
Илүү даруухан
Раф Симонс Dior-ын бүтээлч захирлаар ажиллаж байх үедээ Жон Гальяно шиг "театрын" хувцас бүтээдэггүй байсан ч түүний загварын шоу бүр гайхалтай сүрлэг болж, харин загвар өмсөгчид үргэлж цэцгэн эмэгтэй мэт ялдам харагддаг байсан. Харин одоо Dior бүтээлч захиралгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ үед брэндийн туслах дизайнерууд шинэ цуглуулгыг бие даан гаргажээ. Pre-fall цуглуулгаас харахад тэд франц загварын ордонг өөрчлөхөөр шийдсэн бололтой.
Шинэ цуглуулгын хэв маяг үнэхээр л Dior брэндийн шинэ чиглэлийг зааж байгаа бол, загварын ордон урьд өмнөхөөсөө илүү энгийн хэв маягтай болох нь ээ. Үүнийг бодит байдал руу илүү ойртсон ч гэж хэлж бас болох юм. Цуглуулгад алдарт new look-ийн хөвсгөр хормойтой юбка, аль эсвэл ер бусын винил өнгийн гутал зэрэг гайхшрал төрүүлэх загварууд огтхон ч үзэгдсэнгүй. Энэ нь муу зүйл биш ч гэлээ нэг л уйтгартай санагдах юм.