Buro 24/7 тойм: Derek Lam, намар-өвөл 2016
Тэнцвэр
Хүмүүсийн сонирхлыг татахын тулд заавал ямар нэгэн анхаарал татам деталь, аль эсвэл аварга том элементүүд цуглуулгадаа оруулах албагүй. Заримдаа илт хичээл зүтгэл гаргаагүй, энгийн зүйлс хүмүүст илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ энэ нь мэдээж хэрэг дизайнер бүрд байдаггүй ховор авьяас юм. Тэдгээр онцгой чадвартай дизайнеруудын тоонд Деpек Ламыг эргэлзэлгүйгээр оруулж болно. Түүнийг минималист гэж нэрлэж болохгүй ч түүний бүтээлүүд илүү дутуу зүйлгүй, цэмцгэр хэв маягтай байдаг. Дизайнерын намрын цуглуулгад ямар нэгэн бусдаасаа онцгойрох деталь, аль эсвэл хэт түвэгтэй эсгүүр огтхон ч харагдсангүй. Гэсэн ч түүний цуглуулга сэтгэгдэл үлдээж чадаж байна. Дизайнер шинэ цуглуулгаа "хэлбэр дүрс, тэнцвэртэй байдал ба баяр баясгалангийн эв нэгдэл" хэмээн тодорхойлжээ. Барималч Александр Колдер, зурагчин Ричард Аведон ба 1960-аад оны төгсгөлд алдар нэрээ олсон "харь гарагийн" гэх тодотголтой загвар өмсөгч Пенелопа Три нараас дизайнер урам авч, загваруудаа урлажээ.
Намар-өвөл 2016 цуглуулгын гол сэдвээр 1960-1970-аад онууд тодорсон юм. Сүүлийн хэдэн улирлын турш эдгээр арван жилүүд дизайнер бүрийн цуглуулгад үзэгдэж, биднийг залхаасан ч Дерек Ламын хувилбар эсрэгээрээ маш сонирхолтой болжээ. Тэрбээр мини юбка, трапеци хэлбэрийн өмд зэрэг элементүүд хэрэглэхийн оронд график дүрс, шулуун хэлбэр, чөлөөтэй хэв маяг гэх илүү далд өнгө аяс оруулсан байна.