Buro 24/7 тойм: Fendi, намар-өвөл 2016
Давалгаалж байна
Дизайнер Карл Лагерфельд Chanel, Fendi гэх хоёр загварын ордонд нэгэн зэрэг ажилладгийг бид бүгд мэднэ. Гэхдээ Италийн ба Францын загварын орднууд хоорондоо тэс ондоо хэв маяг, уур амьсгалтай байдаг нь хамгийн сонирхолтой. Тухайлбал Fendi үслэг эдлэл бүхий загваруудаар мэргэшдэг бол Chanel өд, торон нэхээс ба гар урлалын цэцгэн хатгамлууд дээр төвлөрдөг билээ. Эдгээр брэндүүдийн бас нэгэн ялгаа бол Chanel-ын загварын шоу ба түүний засал чимэглэл тодорхой нэг сэдэв бүхий түүх өгүүлдэг. Харин Fendi-гийн шоу зүгээр л маш үзэсгэлэнтэй бас тод байдаг.
Карл Лагерфельд Fendi-гийн шинэ цуглуулгыг далайн давалгаанд зориулсан байна. Давалгааг дизайнер хоёр төрлийн элементээр илэрхийлжээ. Нэг нь хуниас, харин нөгөөх нь долгиотсон судал юм. Цуглуулгын цамц, даашинз ба юбкийг цэмцгэр хуниас чимж, зөөлөн бас романтик төрх бүрдүүлсэн байлаа. Fendi-гийн хамт олон хуниасыг цуглуулгын гол чимэглэлийн элемент болгож, загваруудын зах, цээж болон ханцуйны залгаасуудыг нийлэх оёдлын дагуу явуулсан байна. Гутал ба аксесуарууд хүртэл хуниасаар чимэглэгдсэн байв. Гуталт муурыг санагдуулам өвдөг давсан түрийтэй, тод өнгийн гутал тун сонирхолтой загвартай болсон харагдана.