Хайх

Buro 24/7 тойм: Prabal Gurung, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Prabal Gurung, намар-өвөл 2016

Анри Руссогийн сэдвээр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Прабал Гурунг төрж өссөн нутгийнхаа уулсыг их нандигнаж, уран бүтээлдээ үе үе шингээдгийг хүн бүр мэднэ. Шинэ цуглуулгын цагаан үслэг эдлэлийг харахад Балбын дизайнер энэ элементээрээ мөнх цаст оргилуудыг илтгэсэн бололтой

Прабал Гурунгийн "уулан" цуглуулгууд үргэлж маш гоёмсог болдог. Хамгийн гол нь дизайнер энэхүү нандин сэдвийг цуглуулгадаа илт биш, харин далд аргаар шингээж, үр дүнд нь орчин үеийн бас олон улсын загварууд бий болгодог. Тэр илүү дутуу деталь, этгээд хэв маяг цуглуулгадаа оруулах дургүй. Бүх зүйл маш цэмцгэр бас үзэсгэлэнтэй байдаг. Түүний намар-өвөл 2016 шоу эхлэхэд тайз дээр хамгийн түрүүнд үслэг эдлэл материал бүхий, цасан цагаан өнгөтэй хувцас өмссөн моделиуд гарч ирж, мөнх цаст оргилуудыг санагдууллаа. Гэхдээ шоу үргэлжилж, дараа дараагийн загварууд гарч ирэх мөчид цуглуулга тэс ондоо сэдэвтэй болохыг олж мэднэ. Прабал Гурунг энэ удаад "уулан" сэдвээс түр холдож, өндөрлөгөөс газар луу буухаар шийджээ. Тодруулж хэлбэл тэр ширэнгэн ой руу орохоор шийдсэн байна.

Шинэ улиралд Прабал Гурунг зураач Анри Руссогийн Woman Walking in an Exotic Forest нэртэй уран бүтээлээс санаа авч, ажиллажээ. Зураг дээр аварга том мод, цэцэгс дунд зогсох цайвар даашинзтай бүсгүй харагддаг юм. Тэр зураг дээрх өнгөний иж бүрдлийг цуглуулгадаа бараг ашиглаагүй харагдана. Харин ургамал моддын талаарх сэдэв дизайнерын анхаарлын төвд байсан бололтой. Шинэ загварууд дээрх мөчрүүдийн сүлжээс, том ба шигүү угалзнууд зэрэг нь хөвдөөр бүрхэгдсэн модны холтсыг санагдуулна. Харин хөнгөхөн бүтэцтэй ханцуй болон хуниаснууд салхинд намирах цэцэгсийн дэлбээг илэрхийлнэ. Мөн цуглуулгын зарим нэг даашинзнуудыг алтан туяатай намрын навчис чимсэн нь гайхамшигтай харагдаж байлаа. Ерөнхийдөө намрын цуглуулга маш үзэсгэлэнтэй, романтик аястай болсон байна.

цааш үзэх