Buro 24/7 тойм: Valentino, pre-fall 2016
Галт уул ба эрвээхий
Valentino-гийн бүтээлч захирлууд хоёр үндсэн зарчмын дагуу ажилладаг. Нэгдүгээрт тэд цуглуулга гаргахдаа хоёрын хооронд 15, аль эсвэл 30 төрх бүтээдэггүй. Харин нэг мөсөн 70 загвар танилцуулдаг. Тэд намрын өмнөх цуглуулга ч бай, от кутюр цуглуулга ч байсан хэзээ ч биеэ сул тавьдаггүй. Хоёрдугаарт тэдний бүтээсэн цуглуулгын бүх загварууд маш ганган байх хэрэгтэй байдаг. Аль болох их хатгамал, их хээ угалз загваруудад ордог. Харин зарим чимэглэлийн элементүүд нэг цуглуулгаас нөгөө рүү нь шилжин явдаг. Тухайлбал эрвээхий дүрстэй хатгамал Италийн загварын ордны бараг бүх цуглуулгад үзэгдэж, нэг ёсны бэлэг тэмдэг болон хувирсан байдаг.
Пьерпаоло Пиччоли ба Мария Грация нар өмнөх хаврын цуглуулгаа Африк сэдэвтэй гаргасан бол энэ удаад тэд япон соёл руу анхаарлаа хандуулахаар шийджээ. Тэдний намрын өмнөх цуглуулгын хувцаснууд дээр япон луу, урт хөлтэй тогоруу болон гарал үүсэл нь үл мэдэгдэх сонин амьтан дүрслэгдсэн байв. Хувцаснуудаас дүгнэхэд дизайнерууд Фүжи уулнаас санаа авсан болох нь илт харагдана. Цэцэглэж буй сакура модны мөчир, тэнгэрт эргэлдэх тогоруунууд, мушгиралдсан үүлс гэх дүр зураг даашинз, юбка ба пижам хэв маягтай хослол дээр илэрнэ. Түүнчлэн дээр дурдагдсан эрвээхийнүүд ч мөн адил энэ цуглуулга руу нисэн иржээ. Тэд нэг бол наамал хэлбэрээр загваруудыг чимж, нэг бол график дүрс бүхий хээ болон орсон байлаа.
Хамгийн сонирхолтой нь шинэ цуглуулгын зарим загварууд Япон сэдвээс тэс ондоо байж, илүүтэйгээр Африк уур амьсгал мэдрүүлсэн. Тэдгээр загваруудын өнгө, эсгүүр нь хавар-зун цуглуулгатай нэлээд төстэй байлаа. Дизайнеруудын хэлснээр тэд ийм аргаар өмнөх ба шинэ цуглуулгаа хооронд нь уялдуулж байгаа аж.