Бюро 24/7 тойм: Victoria Beckham, resort 2018
Өдөр тутмын үндсэн хувцаснууд болон неон өнгийн туфли
Аяллын ба pre-fall цуглуулгууд бол Виктория Бекхэмийн хамгийн дуртай ажлуудын нэг юм. "Энэ улирлуудад би өөрийн чин сэтгэлээсээ урлахыг хүссэн, мөн өөрөө өмсөхийг хүссэн загваруудаа гаргадаг" хэмээн дизайнер хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байна. Түүний илэрхийлэхийг хүссэн гол санаа нь эдгээр улирлуудад тэрээр загварын долоо хоногт зориулсан сүрлэг биш, харин бодит амьдралд тохиромжтой, бүсгүйчүүдэд ойр хувцас гаргадаг онцлогтой юм. 2018 оны аяллын цуглуулгад Бекхэм нарийн деталиар баялаг өдөр тутмын үндсэн хувцаснууд орууллаа. Түүний урласан загварууд сонгодог дизайнтай хэдий ч ямар нэгэн анхаарал татам, сонирхолтой элементүүдээр дүүрэн байлаа. Тухайлбал цайвар шар өнгийн сонгодог пальто нарийн гинжээр чимэглэгдэж, савхин өмд тод улаан өнгийн халаастай байж, харин сүлжмэл цамц нь савхин ханцуйгаар онцгойрлоо. Гутлын хувьд дизайнер улбар шар, ногоон гэх зэрэг тод өнгийн, намхан өсгийтэй туфли санал болгожээ.