Dior-ын шинэ аяллын цуглуулга биднийг дараах 5 зүйлээр гайхшрууллаа
Ид шидийн цуглуулга
Dior загварын ордон өнөөдөр 2018 оны resort улирлын марафоныг өөрийн гайхамшигт цуглуулгаар эхлүүллээ. Энэ өдөр брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри шоуны зочдыг Лос-Анжелес хотын "Santa Monica Mountains" үндэсний амралтын цэгт дөрвөн дугуйтаар хүргэн ирж, дундаж урттай даашинз, цэргийн хэв маягтай хүрэм ба сүлжмэл хийцтэй загваруудаа толилууллаа.
Дизайнер Мария Грация Кьюри брэндэд зориулсан анхны аяллын цуглуулга дээр ажиллахдаа Франц улсад байрших "Lascaux" агуй доторх балар эртний ханын зургуудаас бүтээлч санаа авчээ. Ойролцоогоор 20,000 жилийн настай тэдгээр зургуудыг Dior ордны үүсгэн байгуулагч Кристиан Диор 1951 оны "Ovale" цуглуулгадаа онцолж байсан түүхтэй юм. Харин өнөөдөр Кьюри энэхүү эртний санааг өөрийн хэв маягт тааруулан, шинэлэг байдлаар харууллаа. Нууцлаг бөгөөд ид шидийн уур амьсгалтай 2018 оны аяллын цуглуулга биднийг дараах таван зүйлээр гайхшруулсан юм.
Байршил
Энэ удаад Dior ордон урьд өмнөх улирлуудынхтай харьцуулбал маш өвөрмөц байршилд загварын шоугаа зохион байгууллаа. Өргөн уудам байгаль, зөөлөн салхи, жаргаж буй нар зэрэг нь арга хэмжээг ид шидийн уур амьсгалаар цэнэглэж, саравч дотор байршсан зочдыг гоо үзэсгэлэнгээрээ увдистаж байлаа. Зохион байгуулагчид уламжлалт тайз засаагүй тул түрийтэй гутал ба арьсан сандаал өмссөн загвар өмсөгчид шороо дээгүүр алхаж, байгаль орчинтойгоо бүрэн ууслаа.
Балар эртний аястай хээнүүд
Кьюригийн урласан жаккард материалтай даашинз ба хүрэмнүүд "Lascaux" агуй доторх балар эртний амьтны хээнүүдээр чимэглэгдсэн байлаа. Бор ба улаан өнгийн төрөл бүрийн туяануудаар хийгдсэн тэдгээр загварууд яг л бодит ханын зургууд мэт үнэхээр гайхамшигтай харагдаж байлаа.
Баруун зүгийн сэдэвтэй шляп малгай
Resort 2018 загварын шоунд оролцсон загвар өмсөгчид бүгд хавтгай саравчтай шляп малгайгаар гоёсон байв. Гайхамшигтай нь эрүү хэсгээр уягддаг энэхүү малгай нь даашинз, юбка, сүлжмэл хүрэм гээд цуглуулгын бүх хувцастай төгс зохицсон харагдлаа.
Даашинзууд
Мария Грация Кьюригийн нэрийн хуудас болоод буй корсет маягийн топтой, дөрвөлжин энгэртэй, А хэлбэрийн хормойтой даашинз энэ удаагийн цуглуулгад ч бас гол дүр гүйцэтгэлээ. Дизайнер мөн өөрийн мэргэшсэн хагас гэрэлтэх тюль материалтай урт даашинзуудыг онцолж, балар эртний хээтэй хослуулсан байв.
Алдартнууд
Аливаа арга хэмжээг Лос-Анжелес хотод зохион байгуулах нь маш тод давуу талтай байдаг. Учир нь энд Холливүүдийн бүхий л одууд нэг дор цугларсан байдаг юм. Тиймээс ч Dior ордны аяллын шоунд Шарлиз Терон, Деми Мур, Рианна гэх зэрэг хамгийн хүндтэй алдартнууд хүрэлцэн ирлээ.
Загварын шоуны бүрэн бичлэгийг хүргэж байна.