Англи хэв маягийг харуулсан Burberry-гийн капсул цуглуулга
Цуглуулгын зураг авалтад Ирина Шейк, Сора Чой нар
Burberry брэндийн бүтээлч захирал Риккардо Тиши pre-fall 2020 улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Burberry брэндийн үүсгэн байгуулагч Томас Бёрберри болоод Их Британийн өв соёлоос сэдэвлэсэн цуглуулгыг урладаг Тиши энэ удаад ч бас тэрхүү зарчмаа баримтлан Англи хэв маягтай регби цамц, ширмэл оёдолтой хүрэм, тренч цув, хослол зэрэг сонгодог загваруудыг тод өнгийн хээ, граффити зураг, өвөрмөц эсгүүр зэрэг сонирхолтой элементүүдээр баяжуулан урлажээ. Түүнчлэн цуглуулгад өдөр тутам бус харин зөвхөн Instagram-д зориулж зураг даруулах үед л өмсөх боломжтой гэмээр өдөн чимэглэлтэй жийнс, корсет загварын даашинз зэрэг хэтрүүлэгтэй загварууд багтсан байлаа. Харин цуглуулгын эрэгтэй хэсэгт камуфляж хээтэй бэлтгэлийн өмсгөл, тэйлор хийцийн хослол, өдөн куртка, чөлөөт загварын цув зэрэг загварууд багтжээ.