Кутюр загварын долоо хоног: Atelier Versace, намар-өвөл 2016
Инженерийн ухаан
Хүйсийн хоёрдмол байдал ба юнисекс загварын даруухан хувцаснуудаас бүрдсэн цуглуулгуудыг хаа сайгүй харсаар залхах үед бурхан эмэгтэй хүнийг зөвхөн Victoria's Secret эсвэл Versace-гийн загваруудаар гоёхыг хүсч буй мэт санагдаж эхэлдэг. Яг л энэ мэдрэмжийг хоёр хоногийн өмнө болсон Versace-гийн кутюр загварын шоу өөртөө агуулж байлаа. Шоуг Карен Элсон нээж, Каролин Мерфи хаасан бол, дундуур нь Жоан Смоллс, Саша Пивоварова, Мариякарла Босконо, Жoрдан Данн ба Ирина Шейк гэх зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд алхлаа. Шинэ эрин үеийн залуу моделиудыг төлөөлж мөн Бела Хадид, Тэйлор Хилл ба Жозефин Скривер нар шоунд оролцсон юм.
Донателла Версаче сүүлийн хоёр цуглуулгаараа эхлүүлсэн хүчирхэг эмэгтэй дүр төрхийг энэ удаад ч бас үргэлжлүүлсэн байна. Тэр бэлхүүс тодотгосон корсеттой, атлас материалтай даашинзууд урлаж, ямар ч саад тотгорыг асуудалгүйгээр даван туулах чадвартай супер эмэгтэйчүүдийг тайзнаа гаргалаа. Дизайнер загвар өмсөгчдийн үсийг замбараагүй овоолж, "Би тийм ч их хичээл зүтгэл гаргаагүй ээ" гэх төрхийг илэрхийлсэн байлаа. Versace-гийн ихэнх загварууд инженерийн бодлого бүхий эсгүүртэй болсон харагдана. Хуниас, нугалаас, цацаг гэх зэрэг аргачлалууд давамгайлсан хувцаснуудын гадна, дотор тал нь хоёр өөр өнгөтэй материалаар хийгдсэн байлаа.