LFW: Roksanda, Erdem, Giles
Хавар-зун 2016
Roksanda
Роксанда Илинчичийн хэлж буйгаар тэр шинэ цуглуулгынхаа санааг балетын бүжигчид ба тэдний уяан хатан хөдөлгөөнөөс авсан гэнэ. Тэгсэн хэдий ч балетын илт шинж тэмдэг болох тирко эсвэл тютю тайз дээр харагдсангүй. Харин дизайнер уг сэдвийг маш уран бүтээлчээр цуглуулгадаа шингээжээ. Тэр урт нарийн юбка, тарпизан хэлбэртэй сул загварын өмд, мөн шагай хүртэлх урттай, хөвсгөр ханцуйтай даашинз гэх зэрэг бүжиглэхэд биш харин өдөр тутамд өмсөхөд зориулагдсан хувцаснууд танилцууллаа. Зөвхөн бүүдгэр, цайвар өнгийн хувцаснууд болон хуниастай загварууд л цуглуулгад балетын уур амьсгал оруулж байлаа.
Erdem
Эрдем Моралиоглугийн шинэ цуглуулга тийм ч нүдэнд туссан болсонгүй. Учир нь тэрбээр зөвхөн цагаан болон саарал өнгийн олон төрлийн туяануудыг ашиглажээ. Тэгсэн ч дизайнер эдгээр хоёр өнгөнүүдээр үнэлүүштэй бөгөөд өөрийнхөөрөө сонирхолтой цуглуулга бүтээж чадсан харагдана. Судалтай ба хөвсгөр хуниастай даашинзууд цуглуулгын хамгийн сонирхолтой загварууд байлаа. Түүнчлэн модон тавилга болон хуучинсаг ханын цаасны хээтэй загварууд ч мөн анхаарал татлаа.
Giles
Өмнөх Giles-ийн шоу дээр Андрей Пежич хүйсээ сольсноор гарч ирэн олны анхаарлыг татаж, шуугиан дэгдээсэн. Харин энэ удаад Пежич дахин тайз дээр гарсан хэдий ч түүнийг анхаарах завдалгүй бүгд л үнэхээр сайхан болсон цуглуулга уруу ширтэж байлаа. Төгсгөлийн төрхүүд бүгдэд хамгийн том сэтгэгдэл үлдээлээ. Тодруулбал ойлгомжгүй бүүдгэр хээ болон хурц өнцөгтэй хажааснуудаас бүрдсэн корсеттой хар өнгийн даашинзууд Alexander McQueen загварын ордныг санагдуулам гайхамшигтай байлаа. Шоуны уур амьсгалыг эдгээр зургууд бүрэн дамжуулж чадахгүй тул, ядахдаа брэндийн албан ёсны Instagram хуудаснаас бичлэгийг нь үзэхийг зөвлөж байна.