Үлгэрийн баатрууд амилсан нь: Dior, намар-өвөл 2021
Dior брэнд шинэ цуглуулгаа Фабьен Бароны найруулсан богино хэмжээний киногоор танилцуулжээ. Тус киноны зураг авалтыг Версалийн ордны Толин галерейд хийсэн бөгөөд сетийн дизайн дээр зураач Сильвия Жамброне ажилласан байна. Энэхүү цуглуулгыг бидний хайртай хүүхдийн үлгэрүүдэд гардаг хүчирхэг, зоригтой эмэгтэй баатруудаас санаа аван бүтээжээ. Жишээ нь богино ханцуйтай цагаан цамц дээр торон нэхээс бүхий даашинз, хормогч өмссөн моделиуд "Алиса гайхамшгийн оронд" зохиолыг санагдуулж байсан бол тод улаан өнгийн шоо, камуфляж хээтэй нөмрөг, пальто, малгайтай богино куртка зэрэг нь Улаан малгайтад тун сайхан зохихоор харагдаж байлаа.
Түүнчлэн цуглуулгад мини юбкатай хослол, намирсан даашинзын гадуурх хилэн пальто, ирвэсний хээтэй юбкатай хослуулсан хөвсгөр материалтай анорак куртка зэрэг олон сонирхолтой загварууд багтсан байна. Мария Грация Кьюригийн урласан энэ бүх төрхүүд нь үлгэрийн баатруудын гэнэн томоогүй зан чанар болон эр зоригийнх нь тэнцвэрийг илэрхийлж байгаа юм.