NYFW: Phillip Lim, хавар-зун 2016
Энэ агшинд зогс
Загварын шоу эхлэхэд зураач Майя Лин тайзны орчимд уул мэт овоолсон хөрс, шороо байрлуулж, харин Лим өөрөө буддист заншлаар зочдыг "түр зогсож, цэцэгсийн үнэр мэдрэхийг" уриалжээ. 3.1 Phillip Lim брэндийн ойн баярын цуглуулгын гол сэдэв нь газар шороо, хүмүүн хоёрын холбоос юм. Тиймээс цуглуулгад намган ногооноос авахуулаад бор өнгийн төрөл бүрийн туяа хүртэлх газрын өнгөнүүд, мөн ургамлын угалз зэрэг орсон байлаа.
Түүнээс гадна цуглуулгад том хэмжээснүүд, олон төрлийн хээ ба бүтцийн гэнэтийн нэгдэл, тэгш хэмгүй байдал ба олон давхарга, замбараагүй ба эмэгтэйлэг шинж чанар гэх зэрэг түүний хувьд шинэлэг гэж хэлж болохуйц загварууд багтсан. Лим мөн ойн баяраа тэмдэглэж буй дизайнер Александр Вангийн адил хялбархан зүйл хийлгүй, шинэлэг зүйлсээр олныг гайхшруулахыг хичээж шаргуу ажиллажээ. Шоуг нээсэн, 1990-ээд оны спортлог хослолуудыг санагдуулам анхны загвар нь олны анхаарлыг татлаа. Томдсон загвартай хүрэм, бэлхүүс дээр том эрвээхий зангиагаар бүслэгдэх гуурсан өмд, мөн аварга цэцгээр чимэглэгдсэн богино цамц нь зоригтой атлаа дэгжин харагдана. Түүнчлэн Лим цагаан цамц, цэргийн хүрэм ба хослол гэх сонгодог загварууд дээр туршилт хийж, шинэ хувилбарууд гаргажээ.