Нью-Йоркийн загварын долоо хоног: Boss Women, хавар-зун 2017
Загварын долоо хоногийн гол агшнууд
Анх гурван жилийн өмнө дизайнер Жейсон Ву Boss Woman брэндийн бүтээлч захирлын албанд томилогдсон. Тэр яг л бусад дизайнеруудын адилаар өнө эртний түүхтэй том загварын ордонд шилжиж ирэхдээ брэндийн ДНХ-г хадгалж үлдэхийг хичээсэн юм. Том брэндүүдэд дүрмээс огцом ухарч, эрс шинэчлэлт хийх нь хэт хурдан өөрчлөлтөнд хүргэдэг гэдгийг бид мэднэ.
Жейсон Ву улирлаас улиралд Boss-ын уламжлалт ширүүн геометрын эсгүүр болон өөрийн брэндийн эмэгтэйлэг төрх ба зөөлөн шугамуудын хооронд тэнцвэрийг нь олохыг хичээж байсан юм.
"Энэ маш хэвийн практик байсан. Гэхдээ би Boss Woman брэндэд гурван жил ажилласны эцэст илүү чөлөөтэй байдлыг мэдэрч, бага зэрэг туршилт хийхээр зорьсон" гэж дизайнер ярьсан байна.
Шинэ улиралд тэрээр Дэвид Хокнигийн хэв маягтай маш тод өнгөнүүдийг онцолжээ. Эдгээр өнгөнүүд мөн хувцаснаас гадна тайзны чимэглэлд ч орсон юм. Дизайнер энэ удаад Boss-ын сонгодог хурц силуэтээс холдож, шугaмуудыг зөөллөж, эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгож өгөхийг зорьсон байна. Boss Women хавар-зун 2017 цуглуулгад тод өнгө, цэцгэн хээ, торон нэхээс бүхий даашинзууд орсон нь дизайнерын өөрийн Jason Wu цуглуулгатай нэлээн төстэй харагдлаа.
Нарийн мөртэй, бариу даашинзууд, хуниастай юбка ба шортууд, цахилгаантай уртасгасан хантааз мөн хэлбэргүй мэт тод өнгийн цүнх ба зузаан ултай сандаалууд нь цуглуулгыг чөлөөтэй, спортлог хэдий ч бас эмэгтэйлэг, тачаангүй болгож өгчээ. Энэ улиралд Жейсон Ву Hugo Boss-ын өв уламжлал ба өөрийн уран бүтээлийн хараа хоёрын төгс зохицлыг олсон бололтой.