Oversize загварууд баяртай: 1960 оныг эргэн дурссан Dior брэндийн цуглуулга
Францын Dior брэнд хавар-зун 2022 цуглуулгаа Парисын загварын долоо хоногийн хүрээнд танилцуулсан билээ. Цуглуулгыг харах даруйд гэгээлэг, мини загваруудаар тодорхойлогддог 1960-аад он санагдаж байлаа. Тухайн үед загварын салбарынхан залуучууд руу чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан бүтээлч захирал Мария Грация Кьюри 1960 оны архивыг сөхөхөөр шийдсэн байна. Тэрээр “Би цэмцгэр, минимал, эерэг зүйлийг эрэлхийлсэн. Учир нь бид ирээдүйгээ өөдрөгөөр харах ёстой” хэмээн хэлсэн юм.
Загварын тайзыг засахдаа диско гэрлээр гэрэлтүүлэн поп-арт хэв маягийг бүрдүүлсэн ба тайз яг л томруулсан ширээний тоглоом шиг харагдаж байлаа. Бүтээлч захирал тайзны дизайныг гаргахдаа Италийн уран бүтээлч, 85 настай Анна Папараттитай хамтран ажиллажээ. “Аннатай ярилцахад надад маш таатай байсан. Бид энэхүү заслаараа дамжуулан хүн бүр нэг газар оршиж, нэг зүйлийн төлөө тэмүүлдэг гэсэг утгыг илэрхийлэхийг зорьсон” гэж Мария хуваалцжээ.
Dior-ын хавар-зун 2022 цуглуулгад мини юбка, кроп пиджактай хослол, теннисчний даашинз, давхар энгэртэй хүрэм болон А силуэттэй богино даашинзууд олон өнгөний сонголттойгоор давамгайлжээ. Эдгээрээс гадна дизайнер жийнсэн материалыг багагүй ашигласан бөгөөд тэр дундаас өнгө өнгийн залгаастай миди юбка нь ирэх жилийн хит болох нь гарцаагүй харагдлаа.