Парисын загварын долоо хоног: Alexander McQueen, хавар-зун 2017
Хар бараан романтизм
Дизайнер Сара Бертон хаврын цуглуулгаа бүтээхдээ өөрийн дизайны багийн хамтаар Шетландын арлууд руу аялсан байна. Тэд үгээр идэрхийлэмгүй үзэсгэлэнтэй байгальд очиж, зэрлэг цэцэгсийн зургийг дарж, тэнгэрт эргэлдэх шувуудыг харж, эзгүй далайн эрэг дээрх давалгааны чимээг сонсож, байгаль дэлхийн гайхамшгийг өөрсдийн биеэр мэдэрсэн байна. Тэд мөн нутгийн соёл уламжлалыг судалснаар уугуул иргэдийнх нь зуун жилийн турш урлаж ирсэн торон нүхтэй, ноосон ороолтын талаар олж мэдсэн аж. Ийм танин мэдэхүйн аялал хийж, өвөрмөц туршлага хураасан дизайны хамт олон McQueen-ы урланд эргэж ирмэгцээ бүх харсан зүйлсээ цуглуулгадаа буулгажээ.
Ноосон материал бүхий торон нэхээстэй, галбир тодотгосон, нэвт гэрэлтэх, урт даашинзууд савхин даруулгатай хосолсноор Сара Бертоны романтик атлаа хар бараан хэв маягийг илтгэлээ. Дизайнерын гаргах дуртай энэхүү зөөлөн атлаа хатуу дүр төрх энэ удаагийн цуглуулгад үнэхээр гайхамшигтай харагдаж, үлгэрийн гэмээр нууцлаг өнгө аяс цацруулж байлаа. Бертон түүнчлэн энэ удаад зэрлэг цэцэгсийн хээ хатгамлыг цуглуулгадаа идэвхтэй ашиглаж, савхин хүрэм, торон топ, даашинз ба жийнсэн өмд зэргийг уг дүрслэлээр чимсэн байлаа. Загварын тайз дээр ар, араасаа гарч ирэх гайхамшигтай хувцаснууд дундаас бидний анхаарлыг хамгийн ихээр татсан нь пиджак ба өмдний хослол байсан юм. Хар цагаан өнгийн дөрвөлжин хээтэй урт пиджак болон богино тайралттай трапеци өмд нь панк деталиудаар чимэглэгдэж, McQueen ордны гоо зүйн мэдрэмжийг төгс дамжуулж байлаа.
Цуглуулгын эхний хэсгийг үзэж суусан зарим хүмүүсийн толгойд Бертоны санал болгох загварууд өдөр тутамд хэр тохиромжтой бол гэх асуулт эргэлдэж байлаа. Загварууд өөлөх зүйлгүй гоёмсог байсан ч өдөр тутамд өмсөхийн тулд бусад хувцастай сайтар зохицуулах хэрэг гарах мэт санагдлаа. Энэ бодол нь гэхдээ цуглуулгын сүүлийн даашинзуудаар ор тас арчигдсан гэхэд хилсдэхгүй болно. Сарагийн моделиуд яг л далайн гүнээс гарч ирсэн лусын дагинууд шиг харагдаж байсан юм. Ингээд Alexander McQueen-ы шоу хавар-зун 2017 улирлын загварын марафоны хамгийн тод үйл явдлуудын нэгээр тодорч байна.