Хайх

Биднийг анхаарлаа хандуулах завдалгүй байх үед Парист юу болж өнгөрөв? Dior, Versace, Off-White ба Isabel Marant

Биднийг анхаарлаа хандуулах завдалгүй байх үед Парист юу болж өнгөрөв? Dior, Versace, Off-White ба Isabel Marant

Алдарт брэндүүд шинэ загваруудаа танилцуулсаар байна

Text: Buro.Mongolia


CHRISTIAN DIOR

Christian Dior ордны намар-өвөл 2020 загварын шоу Парисын Тюильри цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрчээ. Ингэснээр брэнд Луврын музейтэй хамтран ажилласан таван жилийн ойн баяраа тэмдэглэсэн байна. Мөн уг хамтын ажиллагааны хүрээнд Dior ордон Луврын дэргэд оршдог Тюильри цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Загварын шоуны хүрээнд брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри график зураглалтай инсталляциудаараа алдартай Claire Fontaine хэмээн нэрлэгддэг хос уран бүтээлчид Фульвия Карневале ба Жеймс Торнхилл нартай хамтран ажилласан байна. Тэд загварын шоу зохиогдсон орон зайны шалыг сонины хайчилбаруудаар бүрхэж, таазнаас When Women Strike the World Ends ("Эмэгтэйчүүд цохилт хийх үед дэлхий сөнөдөг"), Consent ("Зөвшөөрөл"), Women Raise the Uprising ("Эмэгтэйчүүд эсэргүүцлийг эрчимжүүлдэг") ба Women's Love is Unpaid Labour ("Эмэгтэй хүний хайр бол цалингүй хөдөлмөр") зэрэг феминист үгсийг өлгөсөн байв.

Харин цуглуулгын хувьд дизайнер өөрийн өсвөр насны үеийн хувцаслалтыг дурсаж, "tomboy", сурагч болон байгальд чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай охины стилийг орчин үеийн хэв маягт оруулан урлажээ.

VERSACE

Versace ордон өөрийн түүхэнд анх удаа эрэгтэй ба эмэгтэй загваруудыг нэгтгэсэн загварын шоу зохион байгууллаа. Энэ үйлдлээрээ Донателла загварт эрэгтэй ба эмэгтэй гэсэн хүйсийн ялгаварлал үгүй болж байгааг тодотгож, хүн бүр өөрийгөө хүссэнээрээ илэрхийлэх эрх чөлөөтэйг харуулахыг зорьжээ. Цуглуулгад хар, мөнгөлөг саарал, хүчиллэг ногоон өнгөнүүд давамгайлсан бөгөөд өдөн куртка, свитер, пиджак зэрэг өдөр тутмын, энгийн загварууд орсон юм. Гэхдээ мэдээж загвар бүр нь Versace брэндийг илтгэх анхаарал татсан, хурц тод хийцтэй болжээ.

OFF-WHITE

Off-White брэндийн бүтээлч захирал (мөн Louis Vuitton-ы эрэгтэй загварыг хариуцсан бүтээлч захирал) Виржил Абло хэдэн сарын өмнөөс амралтаа аван, эрүүл мэндийн шалтгаанаар загвараас түр хугацаанд холдоод байсан бол саяхан эргээд ажилдаа оржээ. Тэрээр намар-өвөл 2020 загварын шоугаа "Берси" гэх Парисын спортын ордонд зохион байгуулсан бөгөөд тюль материалаар хийгдсэн хөвсгөр даашинзуудыг Канадын Arc'teryx брэндийн технологижсон курткатай хослуулан, урьдын адил гудамжны болон кутюр загварыг хослуулсан төрхүүдийг танилцууллаа. Хэдий тэрээр саяхан streetwear буюу гудамжны загварын мөхөл ирэх гэж байгаа талаар мэдэгдэл хийсэн ч цуглуулгадаа хөлд эвтэйхэн пүүз, ажилтны комбинзон зэрэг чөлөөт загварууд оруулсан хэвээр байна. Үүний зэрэгцээ дизайнер мөн ажил хэрэгч хослол, цацагтай даашинз зэрэг илүү хээнцэр загварууд дээр төвлөрч эхэлж байгаа нь уг цуглуулгаас мэдрэгдэнэ.

ISABEL MARANT

Isabel Marant-аас илүү Франц стильтэй брэнд гэж бараг л байхгүй байх. Парис бүсгүйчүүдийн алдарт стилийг энэ брэнд хэнээс ч илүү харуулж чаддаг. Намар-өвөл 2020 улиралд ч бас брэнд эрэгтэйлэг эсгүүртэй сул пальто, намирсан торгон даашинз, хөвсгөр мөртэй богино даашинз зэрэг parisian chic стилийг илэрхийлсэн байна. Изабель Маран мөн энэ улиралд цагаан, саарал гэх саармаг өнгөнүүд дээр төвлөрч, хөлөөс толгой хүртэл нэг өнгөөр дагнан хувцаслах стайлингийн аргачлалыг онцолжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх