Хог дээр хаягдах гэж байсан хувцсыг кутюр бүтээл болгодог Duran Lantink брэнд
Брэндийн намар 2021 цуглуулгатай танилцана уу
Та дуучин Жанель Монегийн "PYNK" дууны клипэн дээр гардаг эмэгтэй бэлэг эрхтэнг дүрсэлсэн өмдийг санаж байна уу? Тус костюм нь сошиал медиад шуугиан тарьж олны ярианы сэдэв болж байсан. Тэгвэл энэхүү алдарт өмдний загварыг Нидерланд улсаас гаралтай дизайнер Дюран Лантинк бүтээж байжээ. Түүний карьер, ололт амжилтыг зөвхөн "PYNK" дууны клипээр төсөөлөх нь учир дутагдалтай бөгөөд тэрээр загварын салбар дахь сонирхолтой эрхмүүдийн тэргүүн эгнээнд жагсдаг байна. Тодруулбал, түүний байгальд ээлтэй зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг Duran Lantink брэнд нь загварын шинэ бизнесийн арга барилыг нэвтрүүлсэн гэхэд болно. Тэд "Upcycling" буюу хуучин хувцсыг шинэчилж, сайжруулах арга дээр суурилан хувцаснуудаа гаргадаг бөгөөд ингэхдээ дээд зэрэглэлийн брэндүүдийн хуучирч, муудсан зүйлсийг ашигладаг байна. "Би загварын салбар дахь томоохон тоглогчдын бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн нэг хувцас болгодог. Жишээ нь Dries Van Noten болон Dior гэх мэт. Брэндүүд хоорондоо өрсөлдөгчид байсан ч хамаагүй. Энэ нь миний үйл ажиллагааны гол чиглэл биш ч би ийм зэргийн гэнэтийн хоршлууд бүтээх дуртай" хэмээн Дюран Лантинк WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.
Түүнчлэн хэрэглэгчид худалдан авалт хийж, авсан хувцсаа өмсөж, хуучирсных нь дараа хаядаг уламжлалт тогтолцоог халсан шинэ бодлогыг Duran Lantink брэнд нэвтрүүлсэн билээ. Энэ сэдвийн хүрээнд Лантинк "Жишээ нь та манай дэлгүүрээс пальто худалдан авлаа гэж бодъё. Нэг жил өмссөний дараа таалагдахаа больчихвол бид пальтог тань гоёмсог даашинз болгож өгч чадна. Ингэснээр хүмүүс хувцсаа илүү удаан өмсөхийн сацуу улирал болгон худалдан авалт хийдэг үзэгдлийг багасахад нөлөөлнө" хэмээн тайлбарласан юм.
Бизнесийн шинэ арга барилыг нэвтрүүлсэн "ногоон" брэндтэй илүү ойроос танилцах зорилгоор тэдний анхны Ready-To-Wear цуглуулгын танилцуулгыг сонирхъё. Duran Lantink бусад брэндүүдийн жишгээр загварын шоугаа видео бичлэг хэлбэрээр танилцуулж зураг авалтыг Нидерланд улсын Амстердам хотод байрладаг Состдейкийн ордонд хийсэн байна. Байгалиа хамгаалах сэтгэл болон бүтээлч санаа хоёр хоршиход хэрхэн хогийн цэг дээр хаягдах гэж байсан хувцас дээд зэрэглэлийн бүтээл болдгийг уг танилцуулгаас харж болохоор байлаа. Тухайлбал, Moschino-гийн савхин хар хүрмэнд Balenciaga брэндийн тод ягаан өнгийн юбкаг малгай болгон залгасан бол эрэгтэй загварын, урт, хар өнгийн пальтог Louis Vuitton-ы савхины үлдэгдлээр гоёжээ. Түүнчлэн Дюран Лантинк 1997 оны Gucci-гийн логотой дотуур хувцасны загварыг Swarovski шигтгээтэйгээр эргэн авчирсан харагдлаа. Харин моданаас гарсан гэж хэлж болох Balmain брэндийн даашинзыг хүйс харгалзахгүй өмсөж болохоор урласан байна. Ингэхдээ "Би хэзээ ч зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан цуглуулга гаргаж чадахгүй. Хүмүүс манай хувцсыг хараад энэ эмэгтэй юу, эрэгтэй юу гэж эргэлздэг байгаасай гэж хүсэж байна" хэмээн өөрийн болон брэндийнхээ баримталдаг зарчмаас хуваалцсан юм.