Энэ намар өмсөх өнгөлөг хувцаснуудыг AMULET брэндийн шинэ цуглуулгаас
"Female Traveler" намар-өвөл 2022 шинэ цуглуулга
Amulet брэндийн үүсгэн байгуулагч Б.Бэлгүтэй бол чиг хандлагыг яс мөрдөх биш, харин өөрийн үзэл бодол, туршлагаасаа үндэслэн загваруудаа урладаг дизайнер юм. Б.Бэлгүтэй анх 2018 онд “Free Bird” цуглуулгаа танилцуулсан цагаас одоог хүртэл хувцсанд агуулагдах утга санааг чухалчилсаар ирсэн. Түүний хэрхэн цуглуулгаа бүтээсэн түүхээс нь л хувцас бол зүгээр нэг эд зүйлээс гадна дизайнеруудын мэдрэмжээ түгээдэг урлагийн нэг хэсэг гэдгийг ойлгодог билээ. Ерөнхийдөө Amulet-ын загварууд хөнгөн хойрго байдлыг халсан нарийн хийц болон элдэв хэтрүүлэггүй содон деталь хосолсон авангард минималист хэв маягтай байдгаараа бусдаас ялгардаг юм.
Amulet саяхан 2022 оны намрын цуглуулгаа танилцуулсан бөгөөд дизайнер Б.Бэлгүтэй шинэ загваруудаа урлахдаа сүүлийн хэдэн сарын турш өөрт нь онцгой мэдрэмж төрүүлж чадсан хүчирхэг эмэгтэйчүүдээс урам авчээ.
“Female Traveler” цуглуулга
Атлантын далайг ганцаараа туулсан зоригт Амелия Эрхарт гэх эмэгтэй бол дизайнерын хүндэлж явдаг эрхмүүдийн нэг. “Амелия Эрхарт 20-р зуунд эрэгтэй хүнд хүртэл хэцүү мэргэжлийг сонгож, ирээдүйд маш олон эмэгтэйд итгэл найдвар бэлэглэсэн нь лавтай. Түүний эр зориг надад ч гэсэн эрх хүч өгсөн” хэмээн Б.Бэлгүтэй хэрхэн цуглуулгын ажлаа эхлүүлсэн талаараа хуваалцсан билээ. Тэрээр энэ л бодлоо тээн өнгөрөгч тавдугаар сард Тайланд улсад болсон Олон улсын зураач нарын урлагийн кемпэд оролцохоор явжээ. Аяллын хүрээнд оролцогч нар нийт 14 хоногийн турш Хатъяй, Краби, Пукет гэх хотуудтай танилцангаа зургаа зуран явсан бөгөөд “Энэ хугацаанд олон сайхан эмэгтэй уран бүтээлчид аз жаргалтайгаар бүтээлээ туурвидгийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн” хэмээн тэрээр мэдрэмжээ буулгасан юм. Түүнчлэн дизайнер аяллынхаа сүүлийн өдөр Бангкок хотын дэн буудлын гадаа салхилж байхдаа 22 насандаа аль хэдийнээ дөрвөн жилийн туршлага хуримтлуулсан аялагч бүсгүйтэй танилцаж мөн л эрч хүчээр цэнэглэгдсэн тухайгаа хэлсэн билээ. “Дөнгөж 22 настай хэрнэ олон газраар явж, ихийг үзэж харсан байсан. Тэрээр аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр сурдаг бөгөөд ирээдүйд Энэтхэг улсдаа олон зочид буудал барьж, салбараа хөгжүүлнэ гэж тэмүүлэл дүүрэн ярьж байгаа нь миний сэтгэлд их хүрсэн” гэсэн ба "Уран бүтээлч хүний хувьд аялах хугацаандаа төрсөн сэтгэгдлээ биет бүтээл болгосон нь маш сайхан байна" хэмээн яриагаа төгсгөсөн юм.
Лого биш силуэт
Amulet эрээлжилсэн их логонуудаар биш, өөрсдийн гэсэн силуэтээрээ тодорхойлогддог. Тэгш бус хэм, том зах болон оригами хэлбэртэй деталиуд бол тэдний таних тэмдэг билээ. Энэ удаа ч гэсэн Б.Бэлгүтэй брэндийнхээ нэрийн хуудас болсон шинжүүдийг шинэ загварууддаа оруулсан байна.
Өнгө болон хээ
Элсэн шаргал, саарал, сүүн цагаан зэрэг саармаг зөөлөн өнгөнүүд Amulet-ын цуглуулгад зонхилдог. Харин энэ жилийн намрын шинэ загваруудыг хийхдээ тод хөх болон ногоон өнгөний туяаг сонгосон нь онцлог болжээ. “Би Тайландын уран зураг шиг байгалийг дүрслэхийг хичээсэн бөгөөд бүтээлээрээ дамжуулан хүмүүсийг байгальтайгаа ойр байж, хамгаалахыг уриалж байна” хэмээн дизайнер Б.Бэлгүтэй хэлсэн юм. Түүнчлэн “Female Traveler” цуглуулгын үндсэн элемент болох навчин деталь болон түүн дээрх хээг торгон хэвлэл гэх тусгай аргаар хийжээ.
Хээнцэр бөгөөд сонгодог
Тейлор хийцтэй сонгодог хослолууд заавал нэгэн хэвийн уйтгартай байх албагүйг энэхүү цуглуулгаас харж болно. Гүн өнгөтэй пиджак дээр цагаан шувууны хээг оруулж сонирхолтой контраст үүсгэснээс гадна тейлор хийцтэй корсет, нэг мөртэй хантаазыг урлаж, өөрсдийн өнгө аяс шингэсэн ажил хэрэгч болон өдөр тутмын хувцасны шүүгээг бүтээжээ. "Female Traveler" яг л өөрийн гэсэн гоо зүйг бүрдүүлж, хэт трендлэг байхаас зайлсхийсэн нь загвар бүрийг хэзээд ч өмсөх боломжийг олгож байна.
Та бүхэн "Female Traveler" намрын шинэ цуглуулгыг Гүмүда сэдэвчилсэн дэлгүүр дээрээс сонирхох боломжтой.
Гүмүда сэдэвчилсэн дэлгүүрийн хаяг: Циркийн урд талын Royal Tower, 1 давхар
AMULET
Facebook: Amulet
Instagram: amuletulaanbaatarmongolia
Утас: 99894427