Хайх

Альбер Эльбаз: “Надад одоо болтол цахим шуудангийн хаяг байхгүй”

Альбер Эльбаз: “Надад одоо болтол цахим шуудангийн хаяг байхгүй”

Lanvin-ы хариуцлагатай эрхлэгчтэй хийсэн ярилцлага


Зураг: Buro 24/7 Russia

Москвад барууны загвар зохион бүтээгчид олноор ирдэг ч Lanvin-ы эрэгтэй хувцасны зохион бүтээгч Лукас Оссендрейвертэй цуг амралтын өдрүүдээр ирсэн Альбер Эльбаз шиг шуугиан дэгдээсэн нь ховорхон билээ. Барвиха Luxury Village-д зохиох гэж буй Эльбазын тусгай шоуных нь өмнө Евгений Тихонович түүнтэй уулзжээ

Альбер Эльбазыг сүүлд Москвад ирснээс хойш хоёр жил гаруй болж. Москвагийнхан түүнийг хэдийнэ санагалзаж амжсан байсан ба энэ удаа түүнийг мөн л өндөр зэрэглэлийн халамжаар угтаж авлаа. Үүрийн нислэгээр ирэх нойргүй шөнийг угтсан Альбер тансаг орчинд шумбасан ч гэлээ шоундаа зориулж тэвчээртэйгээр ярилцлага өгч байлаа.

Та бид хоёр хэдэн жилийн өмнө Москвад уулзаж байсан. Та тэгэхэд ч бас иймэрхүү шаналсан харагдаж байлаа. Орост ирэх хэцүү байдаг уу?

Танд хэлэхэд асуудал Оростоо биш харин цагийн хуваарьтаа байдаг. Өнөө өглөө би шөнийн гурван цагт боссон. Урд шөнийг студид өнгөрүүлсөн. Би бүр бүх ярилцлагаа хойшлуулах гэж байгаад болихоор шийдсэн л дээ.  Энэ бүх хүмүүст амлалт өгчихөөд буцах юм бол мэргэжлийн бус бүдүүлэг хэрэг болох байлаа.

Тэгэхээр та хуучин шигээ эелдэг зөөлөн хэвээрээ юм аа даа?

Яалаа гэж, би тун өөр болсон. Жинхэнэ өөдгүй амьтан.

Үгүй яах вэ дээ, зарим хүн өөрчлөгддөг зуршилтай шүү дээ.

Минийхээр бол мунхаг хүмүүс л өөрчлөгддөг юм шиг. Хэрэв чи өөрийгөө хаанаас ирснээ мартвал хаашаа тэмүүлж хөдлөхөө мэдэхгүй байх болно. Хүмүүс өөрчлөгддөггүй, харин хөгжиж дэвшдэг байх. Заримдаа нэг тийш, харин зарим үед эсрэг тийш нь.  Ямар ч тохиолдолд харин эргэн тойрныхондоо үнэнч байхыг мартахгүй байх хэрэгтэй. Бусдыг хайрлаж, бас бусдын хайрыг хүртэж чаддаг байх хэрэгтэй.

Альбер Эльбаз: “Надад одоо болтол цахим шуудангийн хаяг байхгүй” (фото 1)

Сонсох нь ээ, та Иван Ургантад ярилцлага өгөөд амжсан байна гэх юм. Энэ үнэн үү?

Аа, та тэр нэг өндөр залууг хэлж байна уу? Танай телевизэд шөнийн шоу гаргадаг?

Тийм, яг тэр.

Өө тийм тийм. Гайхалтай хүн байсан. Маш сонирхолтэй нэгэн!

Та нэлээд олон жил Lanvin-д ажиллаж байгаа...

Хэтэрхий удаан юм болов уу? /инээмсэглэв/

Энэ бол миний шүүмжлэх орон зай биш л дээ. Таны хувьд энэ брэнд өөрчлөгдөж байгаа юу?

Дэлхий өөр, эмэгтэй, эрэгтэй хүмүүс өөрчлөгдөж байна. Энэ бол өмнө нь ярьсан өөрчлөлтүүдээс нэн ондоо. Эерэг өөрчлөлтүүд. Америкчуудад нэгэн зүйр үг байдаг: "Эвдрээгүй бол бүү соль" гэж. Харин би өөрөөр хэлдэг. "Эвдрэхээс нь өмнө соль" гэдэг. Өөрчлөлт дандаа л сайн зүйл үрүү хөтөлдөг. Энэ нь аливаа дизайны хамгийн чухал нь юм. 

Та хуучин шигээ интернэттэй найзалдаггүй хэвээрээ л байна уу?

Үгүй яах вэ, би хааяа интернэтээр өгүүлэл уншдаг л даа. Харин надад одоо болтол цахим шуудангийн хаяг байхгүй.

Энэ таны Ipad биш гэж үү? /хажуу талд нь түүний утастай нь хамт байгаа/

Үгүй ээ, энэ манай PR-ын захирал Изабелийнх, түүнд илүү хэрэгтэй.

Альбер Эльбаз: “Надад одоо болтол цахим шуудангийн хаяг байхгүй” (фото 2)

"Америкчуудад нэгэн зүйр үг байдаг: "Эвдрээгүй бол бүү соль" гэж. Харин би өөрөөр хэлдэг. "Эвдрэхээс нь өмнө соль"

Манай сэтгүүлч саяхан Жанна Ланвины Парисын Фобур Сент-Оноре дахь ажлын өрөөнд нь очсон байсан. Та оюуны урам, зориг авахын төлөө тийшээ хэр ойр ойрхон очдог вэ?

Одоо бол үгүй. Хамгийн анх, бүр эхэлж байхдаа ойрхон очдог байсан. Эхний үед эвгүй байлаа. Би галзуурах дөхдөгсөн. Жанна өөрөө хийх бүхий л зүйлээ хийчихсэн байхад би юу нэмж хийх билээ гэдэг байлаа. Надад бараг анхнаасаа түүний философийг ойлгох хялбархан байсан л даа. Энэ нь эмзэг байдал, цагт баригдашгүй хувцасны хэв маяг дээр тулгуурласан байсан юм. Би энэ санааг нь үргэлжлүүлэхээр шийдэж бүхий л цаг үед тохирох зүйлсийг урлах болсон. Lanvin бол орчин үеийн нөгөө "it girl" гэж нэрлэгдэх хүмүүсийн загвар биш л дээ. Ер нь надад энэ "cool" гэдэг англи үг таалагддаггүй. Мөн "it girl" гэгдэх энэ ойлголт ч бас. Энэ нь бодит амьдралд нийцэхгүй, нэг л "Америкийн Мисс" тэмцээн шиг өнгө аястай.

Альбер Эльбаз: “Надад одоо болтол цахим шуудангийн хаяг байхгүй” (фото 3)

Та бол загварын ертөнцөд од хүн. Бүгд танд маш их хайртай. Та үүнтэй хэрхэн эвлэрдэг вэ? Хэцүү байдаг уу?

Аймшигт дүр зураг шиг ярьж байх чинь та /инээмсэглэв/. Ингэж хэлье л дээ. Тэрнээс надад оногдсон ажил маань илүү хэцүү. Дизайнер хүн нэлээд давчуу хугацаанд олон коллекцио гаргах ёстой. Үүнээс болоод би зарим үед өөр зүйлд гүнзгий анхаарах боломжгүй байдаг. Юмны дээгүүр өнгөц л оролцож чаддаг юм.  Надад ингэх нь огт таалагддаггүй. Би юмны гүн уруу нь орж мэдрэх дуртай. Харилцаанд ч нэгэн адил. Бүх нийтэд байдаг хэрэггүй яриа, "сайн уу, сайн уу, өө бүх зүйл ок" гэх мэт байдал надад маш муухай санагддаг.  Амьдралд надад жинхэнэ харилцаа чухал. Харин ажилд бол гүн гүнзгий, нухацтай, бодолтой хандах нь чухал. Миний бодлоор хэдэн стилист хөлсөлж аваад захаас цэргийн дүрэмт хувцас худалдан авмагцаа дээр нь хэдэн хаяг эмблем хадаад шинэ коллекци гаргалаа гэж зарлах нь зөв шийдвэр биш. Шинэчлэл хэрэгтэй. 

"Ер нь надад энэ "cool" гэдэг англи үг таалагддаггүй. Мөн "it girl" гэдэг ойлголт ч бас. Энэ нь бодит амьдралд нийцэхгүй, нэг л "Америкийн Мисс" тэмцээн шиг өнгө аястай"

Lanvin бол тансаг хэрэглээний мега концернүүдэд автагдаагүй орчин үеийн томоохон содон брэнд. Та урьдынх шигээ ажилдаа бие даасан эрх чөлөөт байдлаа хадгалж байгаа юу?    

Мэдээж хэрэг. Миний хүчилтөрөгчийг хаавал би шинэлэг дизайн бий болгож чадахгүй шүү дээ. Шорон надад тааламжтай санагдахгүй байна.

Шорон гэдгээр та нөгөө л  тансаг хэрэглээний асар том, конгломератуудыг хэлж байна уу?

Өө үгүй, үгүй. Заавал тэгэх албагүй. Төрсөн гэртээ ч хүн хоригдол шиг байж болно. Надад энэ загварын томоохон орднууд ба тэдний эзэд тун сонирхолтой санагддаг. Би бүгдийг нь их сайн мэдэхээс гадна цөөнгүй олон нь намайг ажилд авах гэж нэг биш удаа хүссэн. Би тэднийг ихэд хүндэлдэг ба маш сайн харьцаатай байдаг юм. Гэвч би сэтгэлдээ таарсан газраа олсон. Энэ бол миний өөрийн арал, миний орогнол. Би үүндээ маш их жаргалтай байгаа.    

Альбер Эльбаз: “Надад одоо болтол цахим шуудангийн хаяг байхгүй” (фото 4)

 

 

цааш үзэх