Карин Ройтфельд: Хэрэв чиний тухай үлгэр домог яригдаж байвал, чи үнэхээр хөгширсөн гэсэн үг
Buro 24/7 ярилцлага
Францын Vogue сэтгүүлийн хуучин ерөнхий редактор болон CR Fashion Book сэтгүүлийн үүсгэн байгуулагч Карин Ройтфельд загварын ертөнцөд тоолж баршгүй олон шинэ нэрсийг нээсэн юм. Бидний хийсэн богино ярицлагад эдгээр нэрс олон удаа дурдагдлаа. Жишээлбэл Ким Кардашьян (энэ нээлтэнд Ройтфельд хамааралгүй болно), Жижи Хадид болон Брюс Вебер нарын талаар ярилцсан юм. Гэхдээ түүний ярианд хамгийн чухал байр суурийг Карл Лагерфельд эзэлж байлаа. Карл түүний хувьд багш, сайн найз нь байсаар ирсэн ба хамгийн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгдөг гэнэ.
Энэ таны Москвад хийж байгаа анхны айлчлал биш ч гэлээ, сүүлд ирснээс тань хойш таван жил өнгөрчээ. Тэр үед та "Гараж"-д өөрийн номоо танилцуулахаар ирж, Алена Долецкаятай нээлттэй хэлэлцүүлэг хийж байсан санагдана.
Тийм ээ. Би Орост их дээр үед ирж байсан. Анх оросын Vogue сэтгүүл нээлтээ хийдэг тэр жил ирсэн юм байна. Би их азтай хүн. Биднийг (Карин Ройтфельд болон Марио Тестино) хамгийн анхны сэтгүүлийн нүүр хавтасны зургийг авахуулахаар урьсан юм. Зураг авалтанд Кейт Мосс болон Эмбер Валетта нар оролцож байлаа. Биднийг "Националь" зочид буудалд байрлуулж, зураг авалтыг миний өрөөнд хийсэн санагдаж байна. Цонхоор Кремлийн маш сайхан дүр зураг үзэгдэж байсан тул Кейт, Эмбер хоёрыг цонхны урд зогсоож байгаад зургаа авч байсан. Харин олон жилийн дараа би "Гараж"-д номоо танилцуулахаар эргэн ирсэн. Анх Даша намайг урихад би маш их баярлаж бас их сандарч байсан. Тэгээд жилийн дараа миний хүүгийн үзэсгэлэн нээгдэхэд би дахиад ирсэн. (Үнэн хэрэгтээ эсрэгээрээ, Карин "Irreverent" номоо 2011 онд танилцуулсан бол түүний хүү Владимир Рестуан-Ройтфельд үзэсгэлэнгээ 2010 онд гаргасан) Миний аав орос хүн байсныг та нар мэдэх байх. Тиймээс би үргэлж гарал үүсэл рүүгээ тэмүүлж байдаг. Би хүүдээ хүртэл орос нэр өгсөн.
Таны өмнөх бүх айлчлалууд үйл явдлаар дүүрэн байсан. Анхны Vogue сэтгүүлийн хавтасны зураг авалт, номны танилцуулга, үзэсгэлэн гээд л. Та ЦУМ-ын тусгай зочноор ирж байгаа учир, энэ удаад таны айлчлал арай "тайван" хөтөлбөртэй байх шиг.
Тийм ээ. Би Москвад ирэх дуртай. Энд надад бүх зүйл сонирхолтой санагддаг. Дашрамд хэлэхэд, би ЦУМ-д анх удаагаа орж үзэж байна. Гэхдээ мэдээж нэрийг нь сонссон л доо. ЦУМ-ыг бүгд л мэддэг байх. Москвад ямар дэлгүүр хэсэх вэ гэхэд шууд л тэр толгойд буудаг. Тийм биз дээ? Бид дэлгүүрээр явж үзээд үнэхээр өргөн сонголттойг нь харж гайхширсан шүү. Миний бодлоор, загварын ертөнцөд одоо моодонд орж байгаа бүх зүйлийг эндээс олж болно. Мөн ЦУМ Fashion Show маш сонирхолтой санаа. Ихэвчлэн бид нэг загвар зохион бүтээгчийн шоуг үзэж, цуглуулга нь худалдаанд гарахыг хагас жил хүлээдэг шүү дээ. Харин энд бүх зүйл эсрэгээрээ. Загвар зохион бүтээгчид ч олон, өөрт таалагдсан зүйлээ, хүссэн үедээ шатаар буугаад л авчихна. Түүнчлэн, миний олж мэдсэнээр энд бүх зүйлс яг л Милантай адилхан үнэтэй юм билээ. Тиймээс Москвагийн худалдан авагчдад үнэхээр атаархаж байна.
Сүүлийн үед хүчээ аваад байгаа "See&buy" (үзээд худалдаж ав) концепцийн талаар та ямар бодолтой байна вэ? Одоо Кристофер Бейлигийн удирдлага доорх Burberry буюу анхны, жинхэнэ том тоглогч энэ тогтолцоонд шилжчихлээ?
Нэг талаас чамд таалагдсан, одоо авахыг хүсч байгаа зүйлээ худалдаж авахын тулд зургаан сар хүлээнэ гэдэг үнэхээр зовлонтой. Гэхдээ бид бас л сэтгүүлийн нэг дугаарыг хэвлэгдэж гарахаас зургаан сарын өмнөөс бэлддэг. Ирэх өвөл гарах хувцаснууд дээр одоо ажиллаж эхэлж байгаа. Хэрэв шинээр танилцуулагдсан цуглуулгууд шууд зарагдаад эхлэх юм бол надад болон бусад редакторуудад бүх зүйл маш хүндрэлтэй байхсан. Түүнчлэн дэлгүүрийн төлөөлөгчид (buyer) тогтолцоогоо бүрэн шинэчлэх хэрэг гарна. Тэд ч гэсэн нэг улирлын зайтай захиалгаа хийдэг. Мөн зургаан сард өвлийн хүрэм зарах хэцүү шүү дээ. Ямартаа ч, ойрын хугацаанд ийм зүйл болохгүй байх. Бид бүгдэд энэ зарчимд дасан зохицох шаардлага гарна. Гэхдээ би шинэ зүйлсэд амархан дасдаг шүү.
Хүмүүс намайг загварын ертөнцөд ажилладаг болохоор их хөнгөмсөг хүн гэж өнгөцхөн дүгнэдэг байх л даа. Гэхдээ би загварын ертөнцөөс гадна, олон зүйлд дуртай.
Би интернетээс таны тухай нэг домог олж мэдсэн юм. Яг үнэн гэдэгт итгэлгүй байна. Бүр хэтэрхий үнэмшилгүй санагдсан л даа. Та англи хэлийг Дэвид Боуигийн дууны үгээр сурсан гэж ярьж байна лээ. Энэ үнэн үү?
Миний тухай домог яригдаж эхлэхэд үнэхээр өөрийгөө хөгширсөн мэт мэдэрдэг юм байна (инээв). Гэхдээ энэ үнэн. Манай сургуульд долоо хоногт хоёр цаг л англи хэлний хичээл заадаг байлаа. Ийм бага ачаалалтай байхад англи хэл сурах хэцүү л дээ. Одоо л бүх зүйл амар хялбар болж. Жишээ нь миний хүүхдүүд багаасаа л хоёр хэл сурсан. Би өсвөр насандаа Дэвид Боуиг бүр шүтдэг байсан. Тэгээд түүний Life on Mars болон бусад дууны үгнүүдийг дахин, дахин уншсаар байгаад англи хэл сурчихсан. Үнэнийг хэлэхэд, миний үнэнч зан бол миний асуудал юм. Тэгэхээр би Дэвид Боуид зүгээр ч нэг дуртай байгаагүй. Би түүнийг тахин шүтдэг байсан. Тэр миний гол шүтээн байлаа.
Танд түүнтэй уулзах боломж тохиож байгаагүй гэж үү? Та одоо өөрөө ч гэсэн од болсон шүү дээ?
Би түүний эхнэр Иманыг мэднэ. Харин Дэвид Боуитай, өөртэй нь уулзаж байгаагүй. Гэхдээ түүний хийсэн бүх зүйл сайхан байсан. Надад түүний хамгийн сүүлд хийсэн видео гайхамшигтай санагдсан. Өнгөний зохицол, зураг авалтын байрлал, бүр тэр бүтээлэгний зөөлөн ягаан өнгө гээд л жижиг гэлтгүй бүх зүйлийг сайтар төлөвлөсөн байсан. Бид Дэвид Боуиг хэзээ ч мартахгүй. Амьдралдаа эрсдэл хийхээс айдаггүй хүн надад таалагддаг. Харин Боуи яг тийм хүн байсан. Тэр өөрийн хөгжимд ч, дууны үгэнд ч, хэв маягтаа ч аз туршихаас айгаагүй. Тэр тайзан дээр эрэгтэй, эмэгтэй хүйсийн хязгаарыг арчиж хаясан дүр төрх бүтээсэн анхны хүн. Мөн тэрээр анх кино урлагт хөл тавихдаа аль хэдийнэ нэртэй дуучин болчихсан байсан учраас янз бүрийн дүр сонгож байлаа. Жишээлбэл, Катрин Деневтай хамтран тоглосон The Hunger гээд гайхалтай сайхан кино байна. Эсвэл миний дуртай кинонуудын нэг болох Merry Christmas, Mr. Lawrence дээр Дэвид өгт өөр хүн байдаг. Тэр Ziggy Stardust болон The Thin White Duke-ээс огт өөр. Японтой хийсэн дайнд тулалдаж буй цэргийн дүр тэр бүтээсэн. Мөн энэ кинонд зориулж бүтээсэн Рюичи Сакамотогийн хөгжим гайхамшигтай. Тэр бол миний хамгийн дуртай хөгжмийн зохиолчдын нэг. Хүмүүс намайг загварын ертөнцөд ажилладаг болохоор их хөнгөмсөг хүн гэж өнгөцхөн дүгнэдэг байх л даа. Гэхдээ би загварын ертөнцөөс гадна, олон зүйлд дуртай. Надад сонирхолтой санагдсан, намайг хөндсөн олон зүйл байдаг. Мөн надад хэзээ нэгэн цагт таалагддаг байсан хүмүүст би их үнэнч байдаг.
Дэвид Боуиг нас барахад олон загвар зохион бүтээгчид түүний дурсгалд зориулж хүндлэл үзүүлсэн. Тэр үед яг эрэгтэй загварын долоо хоног давхцаж, хэд хэдэн загвар зохион бүтээгчид өөрсдийн цуглуулгад Боуигийн уран бүтээлийг тусгаж харагдсан.
Түүний жинхэнэ зан чанарт нийцсэн хүндлэл үзүүлнэ гэдэг амаргүй л дээ. Түүний ямар нэг дүр төрхийг хуулбарлаж, хувцасны хэв маягийг дуурайх нь нэг л биш санагдсан. Энд огт өөр зүйл хэрэгтэй. Хэрэв би тайзан дээр Дэвид Боуид хүндлэл үзүүлэхээр шийдвэл загвар өмсөгчдөд тас хар, гашуудлын хувцас л өмсүүлэх байсан.
Харин Алессандро Микеле Gucci-д зориулж, нуруун дээрээ Боуигийн нэртэй, зүрх болон шувууны зурагтай нэхмэл цамц хийсэн.
Тийм үү? Тэгвэл энэ нь магадгүй Дэвид Боуиг сайн мэддэггүй залуучуудад таалагдсан байх. Харин Дэвид Боуид өөрт нь таалагдах байсан гэж бодохгүй л байна.
Иймэрхүү үйлдлүүд тодорхой хэмжээгээр хуурамч харагдаж болох л юм. Гунигтай үйл явдлыг өөрийн ашиг сонирхолд ашиглаад байгаа мэт?
Яг мөнгө олох оролдлого байсан гэж бодохгүй байна. Харин зүгээр л хүндлэл үзүүлэх гэсэн амжилтгүй оролдлого байх. Би Алессандрог мэднэ. Тэр тухайн үед мөнгөний тухай огт бодоогүй байх. Гэхдээ би хэзээ ч ийм зүйл хийхгүй байхсан.
Энэ агуу том салбарыг хөндлөнгөөс харахад чин сэтгэлийн орон зай байгаа гэдэгт итгэхэд бэрх л юм. Энэ нь загварын ертөнцийн бас нэг тогтсон үлгэр домог байх л даа. Гэхдээ би таны хувьд тийм биш гэдгийг мэднэ. Танд байнга холбоотой байдаг, жинхэнэ сайн найзууд бий. Ажлынхаа ачаар учирсан хамгийн сайн найзууд тань хэн бэ?
Карл Лагерфеьд! Би түүнтэй хамтарч ажиллах болсон нь үнэхээр азтай хэрэг. Дашрамд хэлэхэд бид түүний шинэ сурталчилгааны зураг авалтыг дараа долоо хоногт хийнэ. Тэр миний амьдралдаа учирч байсан хамгийн ухаантай хүн. Мэдээж миний охины дараагаар. Карл их ухаалаг, тэр бүх зүйлд гайхамшигтай авьястай. Мөн тэр гайхалтай хошин зантай, энэ нь маш ховор байдаг зүйл. Би түүнтэй хамт цагийг өнгөрүүлэх дуртай. Тэр намайг яагаад ч юм байнга хатагтай Ройтфельд гэж дууддаг... Байзаарай, надад тэгж санагдаад байна уу эсвэл энд үнэхээр халуун байна уу?
Тийм ээ, үнэхээр халуун байна. Ялангуяа гадаа ийм хүйтэн байхад дотор бүр халуун санагдаж байна.
Орос юм чинь яалтай ч билээ дээ... Би өнөөдөр үстэй дээл өмсчихсөн байна. Би халаасгүй хувцсыг тэвчиж чаддагүй тул миний үстэй дээлэнд хүртэл халаас байгаа. (Нэг зүйл хайж байгаа бололтой, үстэй дээлээ янзалж байгаад жижиг савтай зүйл гаргаж ирлээ.) Миний халаасанд юу байгаа гээч? Сүрчиг! Яагаад гэвэл би удахгүй өөрийн үнэртнийг гаргах болно.
Та үнэхээр чадварлагаар ярианы сэдвээ солих юм! Та дээр үеэс л сүрчиг гаргах тухай ярьж эхэлсэн шүү дээ. Баяр хүргье!
(Инээв.) Би 20 жилийн турш YSL Opium сүрчгийг хэрэглэж байгаа. Харин одоо өөрийнхөө үнэртэнг гаргах гэж байна. Сүрчигний маань нээлт 2017 оны есдүгээр сард хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Одоогоор бүх зүйл бэлэн болсон. Би үнэртнээ хийхийн тулд хамгийн шилдэг "хамарнуудтай" хамтарч ажилласан.
Би сонирхож болох уу? (Карин бугуй руугаа сүрчигээ цацаж, над руу гараа сунгалаа.) Их хурц үнэртэй юм. Яг ямар гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Шингэхийг нь бага зэрэг хүлээсэн нь дээр бололтой.
Тийм ээ. Би хэтэрхий ихийг цацчихсан бололтой. Хэдэн асуултын дараа эргэн ярилцъя.
Чин сэтгэлийн талаар эргээд ярилцъя. Таныг Condé Nast-ыг орхисон түүхийг одоо ч гэсэн бүгд санадаг. Тэр үед тус хэвлэлийн компанитай хамтарч ажилладаг байсан зурагчдаас тантай ажиллахгүй байхыг гүйцэтгэх захирал Жонатан Ньюхаус хүссэн. Харин тэдний зарим нь зөвхөн тантай ажиллаад зогсохгүй бас таны найзууд байсан шүү дээ.
Би заримыг нь бүр од болоход нь тусалсан гэвэл хилсдэхгүй байх.
Та энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулсан бэ?
Юу гээч? Заримдаа амьдралд, "Үүнээс дээгүүр байх" гэсэн зөвлөгөөг дагах мөчүүд гардаг. Үнэхээр дийлэнх нь надтай хамтарч ажиллахаа зогсоосон. Гэхдээ Брюс Вебер үлдсэн. Тэр үлдсэн нь энэ бүхэнд санаа зовохгүй байх хангалттай шалтгаан болсон. Би хэн нэгэн миний юу хийх ёстой болон юуг хийх ёсгүйг заах насан дээр биш байна. Би маш их зүйл хийж, олон ч хүнийг нээж өгсөн. Ингэж тулган шаардсанаараа Ньюхаус өөрийн сул талыг хүлээн зөвшөөрсөн. Тийм ээ, бизнес бол ширүүн тоглоом. Гэхдээ тэр намайг хөл алдуулж чадаагүй. Би үргэлж хаалгаа нээлттэй үлдээдэг. Хүссэн нь буцаад ирж болно. Гэхдээ эргэж ирэхгүй байж ирнэ гэж амлах хэрэггүй. Үнэнч байх нь миний хувьд хамгийн чухал.
Гэхдээ ийм нөхцөл байдал үүссэн нь тодорхой хэмжээнд надад ашигтайгаар эргэсэн. Надад ийм байдалд орсноор, шинэ нэр хайж олох хэрэг гарсан. Энэ үнэхээр амаргүй ч, үр өгөөжөө өгсөн. Гэвч ихэнх загвар өмсөгчид, залуу зурагчинтай ажиллана гэхээр их зан гаргаад байдаг. Хэдийгээр та тэднийг од болгосон ч тэд одоо зөвхөн алдартай хүмүүстэй л ажиллах хүсэлтэй байдаг. Ихэнх нь бүх зүйлийг асар хурдан мартаж орхидог. Өчигдөрхөн л хэний ч танихгүй хүн байсан бол өнөөдөр гэхэд хамраа сөхчихсөн явдаг. Тиймээс нүүр хувиргагчид, загвар өмсөгчид, зурагчид гээд намайг үргэлж шинэ царайнууд хүрээлж байдаг. Би шинэ одуудыг бүтээдэг.
Та үнэхээр зөн зовинтой юм.
Мөн би их сайн баг, хамт олонтой шүү. Хэрэв санаж байвал Карл бид хоёр Ким Кардашьяныг CR Fashion Book сэтгүүлийн нүүрэнд гаргахаас өмнө тэр хэн ч биш байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр реалити шоуны л од байсан. High Fashion-ы ертөнцөөс хэн ч түүнтэй ажиллахыг хүсээгүй. Бүр холбогдохыг ч хүсдэггүй л байсан шүү дээ. Бүгд л түүнийг хямдхан, бүдүүлэг гэж хүлээн авч, загварын шоундаа ч урьдаггүй байлаа. Бидний хандсан бараг бүх загвар зохион бүтээгчид, зураг авалтанд зориулж хувцас өгөхөөс татгалзсан. Хэн ч өөрийн брэндийг Кимийн нэртэй холбохыг хүсээгүй! Энэ их хүндрэлтэй байсан. Харин одоо Ким Кардашьян хэн болсныг хардаа. Одоо тэр үнэхээр чухал хүн болсон. Ким Vogue-ын нүүрэнд гарч байна. Чухал загварын шоунуудын эхний эгнээнд сууж байна. Франц загварын ордонгуудын сурталчилгаанд тоглож байна. Бүх л загвар зохион бүтээгчид Кимийг хувцаслахыг хүсч байна шүү дээ. Харин Канье Уэст Ким нарын гэрлэлтийг дурдахгүй өнгөрч болохгүй. Бүгд л тэдний хуриманд уригдахыг хүсч байсан. Би Каньег дэмжихийн тулд, өөрийн хуваарьтаа тусгайлан цаг гаргасан.
Таны сүүлийн үеийн чухал нээлтүүдийн нэг нь магадгүй Жижи Хадид байсан байх. Мэдээж Ким Кардашьяны дараа шүү дээ!
Кейт Аптоныг ч гэсэн хэн ч мэддэггүй л байсан. Түүнийг сэтгүүлийн нүүрэнд гаргаснаас хойш тийм ч их хугацаа өнгөрөөгүй ч тэр одоо бараг л жүжигчин болсон байна. Гэхдээ хэрэв би түүнээс ямар нэг зүйл хамтарч хийе гэвэл тэр ирнэ. Би түүнийг мэдэж байна. Тэр шууд ирнэ. Жижи Хадид ч гэсэн надтай уулзахаасаа өмнө хэн ч биш байсан. Бид түүний зургийг хоёр ч удаа CR Fashion Book-д зориулж авсан. Би түүнийг Том Форд, Стивен Майзел нартай танилцуулсан. Дараа нь бид хамтдаа Pirelli-гийн хуанлид зориулж Жижигийн зургийг авч байсан. Хэрэв би хүнд ямар нэг онцгой зүйл байгааг харвал, хэрэв хэн нэгэнд итгэвэл, тэр хүнийхээ төлөө тууштай ажиллана.
Тэгвэл таны хийсэн хөрөнгө оруулалт үр ашгаа өгчээ. Одоо Жижи Хадидаас илүү алдартай загвар өмсөгч бараг л байхгүй байна. Тэгэхээр та өмнөө ирээдүйн од байгааг яаж мэддэг вэ?
Зөн совингоороо! Гаднах төрх болон зан аашинд хамаг учир байгаа юм биш. Би зүгээр л од болох үгүйг нь мэдэрдэг. Жижи үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ чиний өмнө супер од болох чадамжтай хүн байгааг мэдрэхүйн түвшинд л ухаарч болно. Үүнд л миний авьяас оршиж байгаа байх. Би зүгээр л бусдын олж хараагүйг хардаг. Миний талаар Карл "Карины гол нууц бол тэр хүмүүст байгаа авьяасаас нь илүүг өгдөг" гэж Fashion Week Daily-д өгсөн ярилцлагад хэлсэн нь үнэхээр таалагдсан.
Та өөрийн карьерыг загвар өмсөгчөөс эхэлж байсан шүү дээ. Тэр үед ирээдүйгээ хэрхэн төсөөлж байв? Өөрийгөө одоо байгаа шигээ хүн болно гэж төсөөлж байв уу?
Огтхон ч үгүй! Гэхдээ би одоо ч өөрийгөө яг хэн болохыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ийм ачаалалтай ажилтай, янз бүрийн төсөлд дарагдсан байна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Миний хүү Владимирын хэлснээр бол, миний хамгийн том амжилт Карин Ройтфельд гэдэг нэрийг брэнд болгож чадсанд л оршиж байгаа. Энэ нь ч үнэн. Чиний нэр брэнд болсон байхад аль ч салбарт хүссэн төсөл дээрээ ажиллах боломжтой. Надад хоёр сайхан багш байсан. Эхнийх нь Том Форд. Тэр бол жинхэнэ брэнд. Том анх загвар зохион бүтээгчээр эхэлсэн ч одоо өөрийн нэрийн дор сүрчиг гаргаж, кино хийж, хүссэн бүхнээ л хийж байна. Харин хоёрдох нь Карл Лагерфельд. Тэр магадгүй амьдралын хамгийн шилдэг зөвлөгөөг өгсөн байх. "Хүссэн зүйлээ хийхээс хэзээ ч бүү ай. Гэхдээ эхлээд чи энэ бүхнийг хийж байгаа анхны хүн нь гэдгээ шалгах хэрэгтэй."
Энэ тухай таны өөр нэг ярилцлагаас уншиж байсан юм байна. Тэгэхэд та энэ тухай дурсаж, Карл Лагерфельд болон H&M-ын хамтын ажиллагааны талаар ярьж байсан. Энэ хамтын ажиллагаа нь high fashion болон масс худалдааны брэнд хамтарсан анхны тохиолдол болж байсан. Мөн хэрэв танд H&M хамтрах санал тавьбал, татгалзана гэсэн. Яагаад гэвэл таны өмнө хэн нэгэн үүнийг хийчихсэн учраас. Тэгвэл та яагаад Uniqlo-той хамтарч ажиллах болсон юм бэ?
Тэдний хамтарсан анхны цуглуулга дээр би Карлтай ажиллаж байсан. Яагаад Uniqlo-той хамтарч ажиллах болсон бэ гэж үү? Яагаад гэвэл хэн ч өмнө нь Uniqlo-той хамтарч байгаагүй учраас. Тийм ээ. Тэд өмнө нь ямар нэг байгууллага болон бөс даавууны загвар зохион бүтээгчидтэй ажиллаж л байсан. Харин дараа нь Инес де ля Фрессанжтай хамтарсан. Гэхдээ бидний хамтын ажиллагаа бол огт өөр зүйл. Тэдний Кристоф Лемертэй хамтарсан цуглуулга ч гэсэн ондоо зүйл. Тиймээс би энэ нөхцөл байдалд Карлын зөвлөгөөг дагасан. Түүний санд ер нь их олон ухаалаг зөвлөмжүүд байдаг шүү.
Карл уран бүтээл удаан оршин тогтноход зориулсан нэгэн жор хэлж өгч байсан нь санаанд орчихлоо. Тэрээр өөртэй нь ойролцоо насны хэнтэй ч харьцдаггүй гэж байсан. Учир нь тэд үнэхээр аймшигтай уйтгартай тул залуу хүмүүстэй байхыг илүүд үздэг гэсэн. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Би түүнтэй санал нийлж байна. Тэд шөнийн клуб орж, кино үзэж, байнга л iPad-аа барьсан харагддаг. Би тэр зүйлийг хэрхэн ажилладгийг ч сайн мэдэхгүй. Залуу хүмүүс идэвхтэй амьдардаг. Хэрэв тэдэнтэй харьцахгүй, өөрийгөө зөвхөн ойролцоо насныхаа хүмүүсээр хүрээлүүлэх юм бол эргэн тойрондоо болж байгаа бүх шинэ зүйлсээс хоцорно. Цаг үеэ гүйцэхээ болино. Тэд намайг өөрсдийн эрч хүчээр цэнэглэж, хариуд нь би тэдэнтэй загварын туршлагаасаа хуваалцдаг. Магадгүй би Карлын бусад найзуудаас арай ахмад байж болох юм. Гэхдээ энэ тал дээр бидэнд асуудал гардаггүй. Би өөрийгөө тийм ч хөгшин гэж боддоггүй. Ямарч байсан Карлын хэлсэн утгаар хөгшин биш. Надад бүх зүйл сонирхолтой мөн би шинэ санаагаар дүүрэн байна. Энэ талаар л Карл яриад байгаа юм шүү дээ. Гэхдээ бүх зүйл наснаас шалтгаалдаггүй. Бидний эргэн тойронд яг л өсвөр насны хүүхэд шиг урам зориг, тэмүүлэлтэй насанд хүрэгчид олон байгаа. Тиймээс Карл ч, би ч найзуудынхаа насанд хязгаар тавьдаггүй.
Бид сүрчигнийхээ талаар таг мартчихсан байна шүү дээ! Би дахиад сонирхож болох уу? Ямар чихэрлэг үнэртэй юм бэ!
Яагаад гэвэл найрлаганд нь жүржийн цэцэг орсон юм. Нийт долоон өөр сүрчиг гарна. Та сая хамгийн анхилууныг нь үнэртэж үзлээ.
Биднийг яг юу хүлээж байгаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
Би өмнө нь хэзээ ч сүрчигний салбарт ажиллаж үзээгүй. Энэ нь миний хувьд цоо шинэ зүйл. Сэтгүүлүүдэд сүрчигний гаднах савлагаа нь сурталчилгааны хэсэгт хэрхэн харагдах нь л хамгийн чухал. Харин дотор нь юу байгаа нь огт хамаагүй. Харин өөрийн үнэртэнг хийгээд ирэхээр бүх зүйл өөрчлөгддөг. Жишээ нь, сүрчигний түүх нь их чухал. Надад долоон өөр үнэртэнд зориулсан долоон янзын түүх бий. Одоо бүх зүйлс нь бараг бэлэн болчихсон. Би анхандаа бүгдийг амархнаар төсөөлж байсан ч сүрчиг бол огт өөр ертөнц юм билээ. Би бүх зүйлийг буруу хийсэн. Хүмүүс ихэвчлэн бизнесийн төлөвлөгөөгөө хийгээд, борлуулагчаа олчихоод л сүрчигээ бүтээдэг. Харин би эсрэгээрээ. Одоо л бизнес төлөвлөгөөгөө хийж байгаа. Гэсэн хэдий ч амжилтанд хүрнэ гэдгийг миний зөн совин мэдрээд байна!