Хайх

Covid-19: Стилистүүд FaceTime ашиглан зөвлөгөө өгч байна

Covid-19: Стилистүүд FaceTime ашиглан зөвлөгөө өгч байна

Oрлогын ихэнх хувийг вирусын эсрэг тэмцэхэд зориулахаар болжээ

Text: Buro.Mongolia


Дэлхий нийтийг цочроогоод буй Covid-19 вирусын цар тахалтай салбар салбарын бүхий л мэргэжилтнүүд тэмцэж, хувь нэмрээ оруулсаар байна. Загварын салбарынхны хувьд амны хаалт, гар ариутгагч зэргийг үйлдвэрлэн хандивлаж эхлээд байгаа ба стилистүүд ч бас хувь нэмрээ оруулахаар ажиллаж буйгаа хуваалцлаа. Ингэхдээ тэд FaceTime ашиглан хувцаслалтын зөвлөгөө өгч,  орлогын ихэнх хувийг вирусын эсрэг тэмцэхэд зориулахаар болжээ.

Тухайлбал Кэти Холмсын стилистээр ажилладаг Эллисон Борнштейн FaceTime ашиглан хувцаслалтын зөвлөгөө өгөх 150 ам.долларын үйлчилгээг гаргасан ба орлого бүрийн 50 ам.долларыг GoFundMe хандивын санд хандивлаж буйгаа онцолсон юм. Харин түүний өргөсөн хандив доллар бүр хөл хорио тогтоосны улмаас хоолны хомстолд өртөх магадлалтай өндөр настай иргэд, хүүхдүүдэд зарцуулагдах ажээ. Эллисон Борнштейнд ирэх долоо хоногт гэхэд л 25 орчим хүн FaceTime-аар дамжуулан стилистийн зөвлөгөө авахаар бүртгүүлсэн ба түүний зөвлөх үйлчилгээг авснаар огтоос шинэ хувцас худалдан авахгүйгээр шүүгээн дэх хувцаснуудаа хэрхэн хооронд нь загварчлан өмсөхийг сурах боломжтой байна. "Хөл хорио тогтоосон ийм үед онлайнаар хувцаслалтын зөвлөгөө авна гэдэг хөнгөн хуумгай үйлдэл мэт боловч эмэгтэйчүүд бид гадаад төрх, гоо сайхандаа анхаарал тавьж, сэтгэл санаагаа дээшлүүлж байдаг шүү дээ. Харин ч одоогийн нөхцөл байдлыг ашиглан хувцасны шүүгээгээ цэгцлэн, өөрт байгаа хувцсаа загварчилж сурна гэдэг ашигтай санагдаж байна" хэмээн Эллисон Борнштейн ярьсан юм.

Эллисон Борнштейнээс гадна Николь Кидманы хувийн стилистээр ажилладаг Жулиа фон Боем мөн онлайн стилистийн сургалт явуулж буйгаа Instagram хуудсаараа дамжуулан зарласан юм. Стилист Жулиа фон Боем хагас цагийн сургалтаа 300 ам.доллар харин нэг цагийн сургалтаа 600 ам.доллараар үнэлсэн ба сургалтаас олсон бүх орлогоо Covid-19 вирустэй тэмцэхэд зориулахаар болсон гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн Girls. Girls. Girls. сэтгүүлийн стилист, бүтээлч редактороор ажилладаг Алисиа Ломбардини FaceTime ашиглан хувцаслалтын зөвлөгөө өгч, мөн орлогоо Нью-Йоркийн орон гэргүй иргэдийг халамжилдаг The Bowery Misson санд хандивлахаар болсноо мэдэгдсэн байгаа.

цааш үзэх