Эскиз зураг хувцас болсон нь: Том Брауны гайхалтай загварууд хэрхэн бүтдэг бэ
Thom Browne брэндийн загвар зохион бүтээгч Том Браун Vogue сэтгүүлийн "From Sketch to Dress" булангийн зочноор уригдан, хэрхэн хувцас загвар зохион бүтээдэг тухайгаа хуваалцлаа. Сонирхуулахад этгээд загваруудаараа алдартай дизайнер Том Браун сонгодог саарал хослолд хувьсгал хийсэн нэгэн ба Леброн Жеймс, Лионель Месси зэрэг алдарт тамирчдын аяллын хослолыг бүтээдэг гэдгээрээ нэртэй билээ. Tүүнчлэн тэрээр саяхан Samsung брэндтэй хамтран Galaxy Z Flip эвхэгддэг ухаалаг гар утас танилцуулсан нь загвар төдийгүй технологийн салбарт шуугиан тарьсан юм.
Том Браун эскиз зургаа гаргахдаа зөвхөн шугам ашигладаг ба иллюстрейшн зургандаа тийм ч сайн биш гэдгээ онцолж гайхшрал төрүүлсэн юм. Хувцас загвар зохион бүтээгчийн хувьд энэ нь хачирхалтай хэрэг биш гэж үү? Харин өөрийн зурсан эскизээ бүтээлч багийнхандаа танилцуулан тэдний тусламжтайгаар илүү бодитой зургийг гаргаж авдаг ажээ. Хувцас загварын зураг бүрэн бэлэн болсны дараа үүгээр загварыг бүтээн, тухайн загварын харьцаа, суулт зэргийг тооцоолсноор материал, товч гээд бүхий л элементийг нарийвчлан сонгон ажилладаг байна. Thom Browne-ы бүх загварууд Парист байрлах урланд бүтээгддэг ба тэнд чадварлаг оёдолчид, эсгүүрчдээс бүрдсэн баг цуглуулгыг амилуулдаг ажээ. Үүний дараагаар цуглуулгыг олон нийтэд танилцуулах ажил буюу загварын шоуны зохион байгуулалт эхэлдэг ба ингэж бид улирал бүр Том Брауны гайхамшигт төсөөллийг нүдээр хардаг билээ. Ингээд түүний бүтээлч үйл явцыг харуулсан сонирхолтой бичлэгийг хүлээн авна уу.