Жиоржио Армани: “Эмэгтэйчүүд дахин тэмцэх хэрэггүй болсон”
Хаан ярьж байна
Москвад өнгөрсөн долоо хоногт зохиогдсон Armani-гийн загварын шоуны үеэр үзэгчдийн толгойд "толгойлогч", "загалмайлсан эцэг" гэсэн үгнүүд бууж байсан юм. Tesla 4000 үйлдвэрийн барилга нэг үдшийн турш жинхэнэ Armani Teatro болон хувирсан бөгөөд шоуны төгсгөлд ноён Армани хар хамба хилэн хослол болон цав цагаан цамц өмсөн, аварга том матрёшка тэврэн гарч ирсэн билээ. Энэ бол загварын ертөнцөд ховор тохиолддог, сэтгэл хөдөлгөсөн агшин байлаа. Ийм мөчүүд насан туршид дурсагдан үлддэг юм.
Бидний мэдэхээр Жиоржио Армани олон орны бүхий л загварын сэтгүүлүүд дээр үргэлж л ийм төлөвшсөн, чухал харагддаг билээ. Тэрээр 1970-1980-аад онд хувцасны эсгүүр, хувцас бүтээх технологи болон шийдлийг эрс өөрчилж, цэмцгэр, чөлөөт, хөдөлгөөнтэй орчин үеийн хэлбэр дүрсийг оруулж ирсэн юм. Армани залуу загвар зохион бүтээгч байхаасаа л өөрийн гэсэн моодыг гаргаж, шинэлэг, залуу хэв маягийг бүрдүүлж иржээ.
Өнгөрсөн жил түүний Giorgio Armani хаант улс 40 жилийн ойгоо тэмдэглэж байсныг хүн бүр санаж байгаа байх. Анх 40 жилийн өмнө буюу 1975 онд Армани 41 настай байсан аж. Тэрээр энэ үед анагаахын салбарт суралцаж, Миланы La Rinascente их дэлгүүрийн худалдааны төлөөлөгч хийж, Италийн Nino Cerruti брэндийн эрэгтэй хувцасны дизайнер болон бусад олон маркуудад чөлөөт уран бүтээлчээр ажиллаад үзчихсэн байв. Яг энэ үед л одоогийн Armani-гийн түнш Сержио Галеотти түүнийг өөрийн компаниа байгуулж, Corso Venezia, 37 гудамжинд оффис нээхийг ятгаж чаджээ. "Хүн 40 нас хүрээд ирэхээр л бүх зүйлийг ухаардаг. Өөрийн бодол санааг цэгцэлж, зөвшөөрч, бүх зүйлийг ухамсарлахад туршилт хийх цаг хэрэгтэй" гэж ноён Армани ярьж байна.
Та загвар зохион бүтээгчийн карьераа 40 настайдаа эхлүүлсэн. Энэ нь одоогийн жишгээр бол их л оройтсон санагдаж болох юм. Та нас тогтсон үедээ ийм шинэ, нүсэр хэмжээний зүйл эхлүүлсэн учраас ямар нэгэн байдлаар өөртөө итгэлгүй байдлыг мэдрэх үе байсан уу?
Өмнө нь надад загварын яруу тод хүсэл тэмүүлэл байсныг анзаарч байгаагүй л дээ. Олон тохиолдлын ачаар нэлээд хойно үүнийг олж мэдсэн юм. Надад их олон сонирхол, шинэ санаанууд байсан ба бүх зүйл сонирхолтой санагдаж байлаа. Ялангуяа гэрэл зураг, тоглолт, урлаг гээд бараг бүх шинэлэг зүйлсийг сонирхсон. Мөн би яг л зөв цагтаа загварын карьераа эхлүүлсэн гэж боддог. Би тухайн бизнесийн зарчим болон техникийн ойлголттой болсон үедээ өөрийн цуглуулгаа гаргасан. Энэ нь ч бидний хүрсэн амжилтанд маргаангүй нөлөөлсөн гэж бодож байна. Яагаад гэвэл би юу хэлэхийг хүсч байгаа болон яаж үүнийгээ хэрэгжүүлэхийг мэдэж байсан юм. Ийм учраас л би залуу загвар зохион бүтээгчдээс тэвчээртэй байхыг хүсдэг. Өөрийн гэсэн хэв маяг, дуу хоолойгоо олох нь маш чухал. Гэхдээ үүнд цаг хугацаа шаардагддаг.
Таныг өөрийн брэндээ бүтээх мөнгө олохын тулд машинаа хүртэл зарсан гэж ярьдаг?
Анх 1975 онд Сержио Галеотти бид хоёр Giоrgio Armani-г нээхээр шийдэж, маш их урам зоригтой байсан ч үнэхээр бага төсөвтэй байлаа. Миланы Corso Venezia, 37-д байрлах оффисдоо тавилга худалдаж авахын тулд би маш их хайрладаг байсан Volkswagen Beetle машинаа зарсан. Азаар бидний бизнес амжилттай эхэлж, боломж гармагц л би өөрийн "цох"-ыг эргүүлэн худалдаж авсан даа. Түүнээс хойш надад нэг бус удаа эрсдэл хийх тохиолдол гарсан хэдий ч би хэзээ ч адреналин авахын тулд ийм зүйл хийж байгаагүй. Би үргэлж сайн ба муу үр дагаваруудыг нь хэмжиж, гарч болох үр дүнг нь тооцоолдог.
Та өөрийн карьерын эхэн үед Нино Черрутитэй хамтарч эрэгтэй хувцас хийж эхэлсэн шүү дээ. Энэ үеэсээ хуваалцахгүй юу?
Би Нино Черрутитэй арван жил хамтарч ажилласан. Түүний загварын ордонд зориулж цуглуулга хийхийн хажуугаар бусад брэндүүдтай ч давхар ажиллаж байлаа. Яг тэр үед л материал болон хэлбэр дүрсийг өөр нүдээр харж эхэлсэн бөгөөд миний бие даасан карьер эхэлсэн дээ. Яагаад гэвэл өөрийн брэндээ байгуулсны дараагаар хэрэгжүүлсэн санаанууд анх тэгэхэд л төрж байсан юм.
Танд анх эрэгтэй хүрмийг "хөнгөлөх" санаа хэрхэн төрсөн бэ?
Эхэндээ би зүгээр л эргэн тойрноо ажигладаг байсан. Маш зузаан, хүнд, биеийн хэлбэрийг далдалж, хөдөлгөөн хорьсон хүрэм өмссөн эрчүүд их харагддаг байлаа. Тиймээс би үүний эсрэг зүйл хайж эхэлсэн. Хөдлөхөд хөнгөн, тав тухтай, биед эвтэйхэн хувцас хийхийг хүссэн. Ийнхүү бодсоор, 1970-аад оны дундуур жийрэг болон доторлогоогүй анхны "задалсан" хүрэм хийсэн юм. Хожим нь би товчийг нь шилжүүлэх, харьцааг нь өөрчлөх зэргээр олон шинэчлэлтүүдийг нэмсэн. Үүнээс хойш миний хүрэмнүүд үргэлж эвтэйхэн, хөнгөн, бүр мэдрэмжтэй ч болж эхэлсэн шүү.
-
Ноён Арманигийн дурдсан "задалсан" хүрэм болон Нино Черрутигийн загварын ордонд ажиллаж байх үедээ гаргасан санаанууд нь үнэхээр хувьсал хийж байв. Тэр үеийн ажил хэрэгч хослолууд дөрвөлжин хэлбэртэй, хүнд бөгөөд хуягтай төстэй харагддаг байлаа. Армани доторлогоог нь ханзалж, нүсэр мөрийг нь авч хаян, костюмны дотор болон өнгөн хэсгийн хооронд юу ч үлдээлгүй орхисон юм. Харин үлдсэн хэсгийг нь Италийн хөнгөн, нарийн ноосоор оёж байжээ. Түүнчлэн тэр чөлөөт загварын өмднүүд урлаж, загварын шинэ түүхэнд хамгийн алдартай, зөөлөн мөр, чөлөөт харьцаа, тэгшхэн зураас бүхий энгийн тансаг Armani-гийн хослол бий болжээ.
Пол Шредерийн "American Gigolo" кино 1980 онд гарснаар түүний уран бүтээлийн үр дүнг дэлхий нийт хүлээн авсан билээ. Кинонд залуухан, дур булаам Ричард Гир Армани хослол өмсч гардаг. Киноны нэгэн гайхамшигтай хэсэгт өндөр, булчинлаг Гир бэлтгэл хийж дуусаад, гэрээсээ гарахдаа орон дээрээ хүрэм, цамц, зангиануудаа өрж тавиад, байгалийн саарал, цайвар шаргал, бор болон хул өнгөтэй хөнгөн материалтай хослолуудаас сонголт хийдэг дүр зураг хүмүүсийн оюун санаанд үүрд шингэж үлдсэн юм. Энэ цагаас эхлэн Америк даяараа Giorgio Armani-гийн хослол өмсөхийг хүссэн бөгөөд Америкийн соёлын салшгүй нэг хэсэг болсон байна.
Үүнээс хойш Армани Брайан де Пальмагийн бүтээсэн "The Untouchables", Тони Гилрой найруулсан "Duplicity" болон Кристофер Ноланы алдарт "The Dark Night" зэрэг олон Холливүүдын кинонд хувцас урлаж өгчээ. Гэхдээ Америкийн соёлд эзлэх байр суурийг нь "American Gigolo" тодорхойлж өгсөн билээ. Мөн Армани өөрөө энэхүү киног олон улсын карьерт нь эргэлт хийсэн мөч байсан хэмээн тодорхойлдог. Тэрээр "Надад янз бүрийн найруулагч нартай ажиллаж, дүрүүдийнх нь мөн чанарыг хувцасны тусламжтайгаар гаргаж өгөх таалагддаг. Надад үргэлж уран бүтээлийн эрч хүч өгдөг, маш сонирхолтой туршлага. Гэхдээ мэдээж миний хамгийн ихээр бахархдаг кино бол "American Gigolo". Учир нь энэ цагаас л миний кинотой холбогдсон түүх эхэлсэн шүү дээ. Ричард Гир маш загварлаг эрийн дүрийг бүтээсэн бөгөөд түүний хэв маягийг Armani-гийн хослол улам төгс болгосон. Хэдийгээр бид ингэж төлөвлөөгүй байсан ч манай компанид сайхан сурталчилгаа болж өгсөн шүү. Сурталчилгаа хийх бодолгүй байсан учраас бүр ч их үнэмшилтэй болсон байх" гэж өгүүлсэн юм.
Армани киноны тухай ярихдаа өөртэй нь дотоод мөн чанараараа их төстэй нэг хүний нэрийг байнга дурсдаг. Тэр нь Клинт Иствуд. Гэхдээ тэд хэзээ ч хамтарч ажиллаж байгаагүй юм. Клинт Иствуд ч мөн адил өөрийн найруулагчийн карьераа 40 наснаасаа хойш эхэлсэн билээ. Тэрээр нэр алдрын дээд цэгт хүрч, хүлээн зөвшөөрөгдөж, таван Оскарын шагналын эзэн болсон. Тэд хоёулаа "хүчирхэг хөгшдөд" тооцогдож байгаа бөгөөд ажлынх нь чадамжаас харахад тэдэнд хамтрах боломж олдож ч магадгүй юм.
Танд ажиллаж үзэхийг хүсдэг өөр ямар нэг мэргэжлийн салбар байдаг уу?
Би дөчин жилийн карьертаа зөвхөн хувцасны марк бүтээгээд зогсоогүй, бүхэл бүтэн хэв маяг үүсгэж чадсан. Хэрэв би дотоод заслаас эхлээд зочид буудлын загвар хүртэл янз бүрийн салбарт ажиллаж үзээгүй байсан бол энэ бүхэн бүтэхгүй байхсан. Бидний өргөжин тэлэх алхам бүр сайтар төлөвлөгдөж, бэлдсэн байдаг. Яагаад гэвэл бүх л шинэ төслүүд брэндийн үндсэн зарчимд нийцэж байх ёстой. Хэрэв надад ямар нэг зүйл сонирхолтой санагдвал бид цаашид энэ зарчмаар л ажиллах болно.
Та залуу загвар зохион бүтээгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу? Таны анхаарлыг татаж энэ хөтөлбөрт багтахын тулд юу хийх ёстой вэ?
Загварын ертөнцийн ирээдүй шинэ үеийнхнээс шалтгаална. Тиймээс Armani Teatro-г залуу дизайнеруудын шоуг хийлгэхээр өгч байгаа нь тэдэнд хүмүүсийн анхаарлыг татахад нь туслахаас гадна бизнесийн өсөлт нь нэмэгдэнэ. Би прагматик зан чанартай болохоор хэн нэгэнд юу хийхийг нь заах дургүй. Би тэтгэлгээс илүү ийм төрлийн эдийн засгийн тусламжийг илүүд үзсэн. Энэ нь ч дизайнеруудад өөрсдөд нь ч хамаагүй сонирхолтой. Эцэст нь энэхүү арга хэмжээ нь дизайнерууд болон хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгож байгаа.
Загварын ордны амжилт их олон зүйл дээр, түүн дотроо хэвлэл мэдээллээс шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй. Бидний сонгож байгаа брэндүүд заавал миний загварын үзэл баримтлалтай ойр байх албагүй. Минийхээс ондоо хэв маягийг би үнэлдэг. Мэдээж жинхэнэ эх бүтээл бол шүү дээ. Оролцогчид бүгд шинэ санаатай байж, нэг зорилготойгоор урагшаа тэмүүлэх ёстой. Энэ л гол шалгуур нь юм даа.
Харин одоо эмэгтэй загварын талаар ярилцъя. Таныг карьераа эхлүүлсэн цагаас хойш эмэгтэйлэг байдлын ойлголт тань өөрчлөгдсөн үү? Орчин үеийн эмэгтэйд даашинз болон сайн эсгүүртэй хослол хоёрын аль нь илүү чухал вэ?
Миний карьер эхэлж байх үеэс эмэгтэйчүүд маш их өөрчлөгдсөн. Тэдний чухал зүйлийн дараалал ч хувьссан. Тэд эрчүүдээс дутахааргүй сайн ажилладаг гэдгээ батлахын тулд тэмцэх хэрэггүй болсон. Өнөөдөр бүсгүйчүүд хангалттай өөртөө итгэлтэй болж, бүр бага зэрэг этгээд зүйл ч өмсөж чадахаар болжээ. Тэд нуун далдлах хувцсыг хүсэхээ больсон. Эмэгтэйчүүдэд тод, бие даасан байдалтай зүйл хэрэгтэй.
Нэгэн цагт таны хувцаснууд олон орны ажил хэрэгч эмэгтэйчүүдийн жинхэнэ дүрэмт хувцас болж байлаа. Танд өнөө үед дүрэмт хувцас өмсөх санаа ямар санагддаг вэ?
Хамгийн анх 1970-1980-аад онд эмэгтэйчүүдэд хаалттай байсан салбарт эрчүүдтэй эн зэрэгцэн ажиллаж, бүр тэднээс илүү гэдгээ харуулах боломж гарсан. Тэдэнд хүчтэй байр сууринд очиход нь тусалж, эрэгтэйчүүдтэй өрсөлдөхөд нь тохирох хувцас хэрэгтэй байсан юм. Эндээс л "power suit" хийх санаа гарч ирж байлаа. Өнөөдөр тэд зорилгодоо хүрсэн. Одоо бүсгүйчүүд хүүхэлдэй болон хувирахгүйгээр буцаад зөөлөн, эмэгтэйлэг байдлаа харуулахаар зорьж байгаа. Эмэгтэйчүүдийн хувцас өмнөх шигээ хатуу бус олон янзын сонголттой болсон. Миний бодлоор хувцас дүрэмт хувцасны хослол шиг өмсөгдөх ёсгүй байх. Энгийн байх тусмаа хождог шүү дээ.
-
Дүрэмт хувцсыг дэмждэггүй ч ноён Армани саяхан шинэ цуглуулгадаа "Armani-гийн дүрэмт хувцас" гэж нэрлэгдээд байгаа зүйлсийг оруулжээ. Giorgio Armani-гийн шинэ цуглуулгад цагаан цамц, өмд, хүрэм болон судалтай даавуун материал багтсан. Бүх зүйл маш сайн эсгүүртэй, дээд зэргийн эвтэйхэн бөгөөд мэдээж их энгийн загвартай. Энэхүү цуглуулга нь өдөр тутам өмсөхөд тохиромжтойгоос гадна, сонгодог, илүү дутуу зүйлгүй хувцаснуудаас бүрдэж байгаа нь их шинэлэг болжээ.
Уг шинэ цуглуулга нь тодорхой хэмжээнд Арманигийн 40 жилийн карьерынхаа турш бүтээн байгуулсан хэв маягийн мөн чанар гэж хэлж болно. Хувцас бүр аль ч насны, ямар ч гаднах төрхтэй хүмүүст зохицох бөгөөд маш төвийг сахисан шинжтэй хэдий ч Armani-гийн нэрийн хуудас болсон дүр төрхийг бүтээж чадсан юм.
Армани энэхүү шинэ цуглуулгадаа Стелла Теннант, Ясмин Ле Бон, Ева Херцигова болон Надя Ауэрман зэрэг загвар өмсөгчдийг оролцуулж, Питер Линдбергээр хар цагаан зураг авалт хийлгэсэн нь бүр ч оновчтой болсон юм. Загвар өмсөгчид үрчлээстэй нүүртэй, жирийн л 40 настай эмэгтэйчүүд шиг харагдаж байсан бөгөөд "New Normal" цуглуулгын хувцаснуудыг өмссөнөөр тун амьд, харц булаам харагдаж байлаа.
"New Normal" цуглуулга маш хураангуй хэрнээ хангалттай олон янзын болж чадсан. Тухайлбал, цагаан цамцнууд нь дотроо захтай, захгүй, хоолойтой гэх олон янз байхад, өмдөн хослол нь цагаан, саарал, шоотой зэрэг хүн бүрт тохирсон, насан туршдаа өмсөх сонголтуудтай. Харин үйлчлүүлэгчид нь нэг зүйл аваад л зогсоно гэж Армани бодохгүй байгаа аж.
Хувцасны шүүгээгээ дээд зэргийн материалтай, өдөр тутмын үндсэн хувцаснуудаар дүүргэх санааг та юу гэж бодож байна вэ? Ийм зүйлийг л таны New Normal цуглуулга илэрхийлж байгаа бус уу? Ийм арга барил бага зүйл худалдан авахад хүргэж, хувцасны шүүгээнд илүү зүйл үлдээхгүй байх тал дээр тулгуурладаг шүү дээ?
Бид "New Normal"-ыг огт өөр бодлогоор гаргасан юм. Миний бодлоор сүүлийн үед загварын ертөнц сайхан хувцаслахыг хүсдэг ажил хэрэгч эмэгтэйчүүдийн ахуйн хэрэгцээг ор тас мартаж орхиж. Тэд моодны золиос болж харагдахыг хүсдэггүй. Үүний оронд миний хэв маягийн гол мөн чанар болсон сонгодог хэрнээ орчин үеийн шийдэлтэй зүйлийг би санал болгож байгаа. Тиймээс энэ бүхэн бүр нэрнээс нь тодорхой байгаасай гэж би хүссэн.
"Normal" гэдгийг гоо зүйн код гэж хүлээж авах хэрэгтэй. Чухамдаа энгийн гоёмсог, үнэ цэнэ агуулсан хувцас л гоо зүйн үндсэн ойлголтод багтана. Харин иймэрхүү хувцасны талаарх бидний төсөөлөл өөрчлөгдөж байдаг учраас "New" гэж нэрлэсэн юм. Мөн "New Normal" бусад цуглуулгуудын адилаар улирал бүр шинэчлэгддэг.
Та 1970-аад оны сүүлээс хойш Италийн загварын ертөнцийн гол хүмүүсийн нэгт тооцогдсоор ирсэн. Энэ хугацаанд таны гоо зүй болон үзэл бодол тань яаж өөрчлөгдсөн бэ?
Миний үзэл баримтлал болон гоо зүйн үзэл энэ хугацаанд огт өөрчлөгдөөгүй. Надад одоо ч гэсэн ойлгомжтой, энгийн зүйлс ойр санагддаг. Бид хэзээ ч үүнийг өөрчилж байгаагүй ч үргэлж эргэн тойронд болж буй зүйлсийг сайтар ажиглаж байсны ачаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхсан. Бидний ирээдүйд хийх гол даалгавар бол энгийн, гоёмсог, чигч шулуун, ихэмсэг зэрэг үндсэн шинжээ хадгалж, цаг үетэйгээ нийцэх явдал юм.
Та компаниа хэзээ ч зарж, хэн нэгэнд шилжүүлэхгүй бөгөөд "Би амьд байгаа цагт, эндээ байх болно" гэж ярьж байсныг санаж байна. Гэхдээ сүүлийн үед таныг залгамжлагчаа хайж байгаа гэсэн цуурхал улам л тархаж байгаа. Та энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
Энэ бүх он жилүүдэд би өөрийн сургасан, мэргэжлийн түвшинд өсгөсөн сайхан ажилтнуудаар хүрээлүүлэн ажиллаж ирсэн. Тиймээс бүх зүйл бэлэн болсон. Цаг нь ирэхээр манай багийнхан бүх зүйлийг өөрсдийн нуруун дээр үүрч, надгүйгээр ажиллаж чадна гэдгийг та нарт амлаж чадна. Гэхдээ одоохондоо би зогсох бодолгүй байна.
Хэрэв та өөрийн өнгөрсөн үе рүүгээ буцаж чаддаг байсан бол юуг өөрчлөх байсан бэ? Та ямар нэг гаргасан шийдвэртээ харамсаж байв уу?
Харамсал бол зөвхөн өвтгөж л чаддаг утгагүй мэдрэмж. Гэхдээ өнгөрсөн үеэ дурсах хэрэгтэй шүү. Ингэх нь олон зүйлд хандах хандлагыг өөрчилж, ирээдүйг өөрчлөхөд тусалдаг. Одоо бол би хувийн амьдралдаа илүү анхаарал хандуулдаг байж дээ гэж боддог. Өөрөөр хэлбэл гэр бүл, найз, нөхөд болон миний хувьд чухал байсан хүмүүст илүү их цаг зав зарцуулах хэрэгтэй байж гэж боддог юм. Гэвч ямар ч тохиолдолд хийсэн бүх зүйлээ, гаргасан шийдвэр бүрийгээ би дахин хийж чадна.