Хайх

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Emporio Armani, Etro, Fendi

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Emporio Armani, Etro, Fendi

Намар-өвөл 2016

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Милан хотод эрэгтэй загварын долоо хоног болж өнгөрлөө. Сүүлийн өдрүүдийн хамгийн гол шоунууд болох Emporio Armani, Fendi, Etro брэндүүдийн шинэ цуглуулгыг тоймлон бичлээ

Emporio Armani

Жиоржио Армани шинэ цуглуулгаа сансар огторгуйн сэдэвтэй загваруудаар нээж, Дэвид Боуид хүндэтгэл үзүүллээ. Гэхдээ тэр тайзны хувцас биш, харин дулаан өмд ба цамц, сноубордын өмсгөл, куртка, гутал гэх зэрэг өвлийн улиралд тохирсон спорт хэв маягтай загварууд танилцуулсан юм. Тэдгээр хувцасны мөнгөлөг туяа загвар өмсөгчдийг яг л "Star Wars"-ын баатрууд шиг харагдуулж байлаа.

Үүний дараа загварын шоуны илүү уламжлалт хувцасны хэсэг эхэлсэн юм. Юуны түрүүнд тайз дээр сонгодог атлаа спорт хэв маягтай зөөлөн материал бүхий саарал хослолууд гарч ирсэн. Дараа нь савхин хүрэм, дөрвөлжин ба гурвалжин дүрс бүхий наамалтай пиджак гэх мэт арай илүү хурц өнцөгтэй загварууд үзэгдсэн. Гэхдээ цуглуулгын зөөлөн, чөлөөтэй, биед эвтэйхэн загварууд илүү их таалагдлаа. Эдгээр загварууд нь сүүлийн үеийн трендийг дагахыг хүсдэг хэрнээ огцом туршилт хийхээс айдаг эрчүүдэд хамгийн тохиромжтой, аюулгүй сонголт болно.



Etro

Дизайнер Кина Этро энэ улиралд Америкийн яруу найрагч Уолт Уитмений шүлгүүдээс урам авсан сурагтай байна. Тодруулж хэлбэл Уитмений "Өвсний навчис" нэртэй түүвэр ном дизайнерыг дэлхий ертөнцийг илүү их хайрлаж, шинэ загвар урлахад түлхэц болсон байна. Тиймээс шинэ цуглуулгын гол сэдвээр байгаль орчин тодорлоо. Нэхэж дуусаагүй мэт ирмэгтэй свитер, мөлхөө ургамал мэт долгионтсон хээтэй хилэн хүрэм, ногоон бас бор гэх "газрын" өнгөтэй илгэн материал, том хэмжээс зэрэг нь цуглуулгад байгалийн уур амьсгал оруулжээ. Эдгээр загваруудыг харахад "түүхий" өнгө аяс мэдрэгдэх болно. Загварууд дээрх хээ угалз ч мөн адил маш байгалийн хэв маягтай болсон харагдана. Ирвэс, тахь гэх мэт амьтдын хээ аль эсвэл хоорондоо орооцолдсон ургамал бүхий угалз хувцаснуудыг чимжээ.


Fendi

Бид үргэлж Bottega Veneta ба Tomas Maier маркуудын хайнга хэв маягтай загваруудад дурлаж ирсэн. Гэтэл тэд энэ улиралд бидний урмыг хугалж, нэлээд уйтгартай цуглуулга танилцуулсан. Харин тэдний оронд Fendi брэнд тодрон гарч ирж, олны анхаарлыг татлаа. Бүтээлч захирал Сильвия Вентурини Фенди тэрхүү хайхрамжгүй хэв маяг дээр бусдаас илүү уран хандлагаар ажиллажээ. Fendi-гийн залуучууд гэрийн бас гадуур хувцасны ялгааг олж харахаа байсан бололтой. Тэдний аварга том хөвсгөр пальто яг л гэрийн халаат шиг харагдана. Харин пальтоны дотуур тэд пижам маягийн өмд, зөөлөн үслэг материалтай цамц болон ямар нэгэн амьтан санагдуулам том тавчик өмсжээ.

цааш үзэх