Нью-Йоркод “And Just Like That” цувралын нээлт болж өнгөрлөө
Алдарт “Sex and the City” цувралын үргэлжлэл болох “And Just Like That” цувралын дэлхийн нээлт болоход ердөө ганц хоног үлдсэн байна. Шүтэн бишрэгчид шинэ цувралын талаар төрөл бүрийн таамаг дэвшүүлж байх зуур Нью-Йорк хотод арванхоёрдугаар сарын 9-ны өдөр цувралын урьдчилсан нээлт болж өнгөрчээ. Шинэ ангиудад Сара Жессика Паркер, Синтия Никсон, Кристин Дэвис нар тоглосон бөгөөд харамсалтай нь Самантa Жонсын дүрийг бүтээсэн жүжигчин Ким Кэтролл уг төсөлд оролцохгүй байхаар шийдсэн юм. Нээлтийн үеэр Кэрри Брэдшоугийн дүрийг бүтээсэн жүжигчин Сара Жессика Паркер Oscar de la Renta брэндийн нөмрөгтэй саарал өнгийн өвдөг давсан урттай гоёмсог даашинз болон ягаан урт өсгийтэй гутлаас бүрдсэн төрхөөр улаан хивсийг чимсэн байна. Харин аксесуарын хувьд тэрээр Fred Leighton, Larkspur & Hawk брэндүүдийн зүүлт, ээмэг, бөгж сонгон төрхөө илүү чамин болгожээ.
Миранда Хоббс гэх хуульч бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Синтия Никсон классик хэв маягаа хадгалан тод улбар шаргал өнгийн total look бүрдүүлсэн байна. Ингэхдээ тэрээр ажил хэрэгч загварын урт даашинз өмсжээ. Харин Шарлоттагийн дүрд тоглосон жүжигчин Кристин Дэвис цацагтай, эрхэмсэг гүн цэнхэр өнгийн урт даашинз өмсөж, гоёмсог урт ээмэг, даашинзын өнгө дагуу жижиг клатч цүнхийг аксесуараараа сонгожээ.
Эдгээр жүжигчдээс гадна арга хэмжээнд цувралд дүр бүтээсэн Крис Норт (Мистер Биг), Николь Ари Паркер (Лиза Тодд Уэксли), Ниал Каннингэм (Брэйди Хоббс), Алекса Суинтон (Роуз Голденблатт) нар оролцсон юм.