Хайх

Агуу зохиолчдын зочлох дуртай байсан зочид буудал болон ресторанууд

Агуу зохиолчдын зочлох дуртай байсан зочид буудал болон ресторанууд

Нью-Йоркоос Венец хүртэл аялцгаая

Text: Buro.Mongolia


Уран зохиолын салбарт нэрээ мөнхлөн үлдээсэн алдарт зохиолчид хаана буудаллаж, ямар газар кофе уух зуураа шинэ бүтээлийнхээ урам зоригийг авдаг байсан бол?

Трумен Капоте - The Plaza Hotel, Нью-Йорк

Агуу зохиолчдын зочлох дуртай байсан зочид буудал болон ресторанууд (фото 1)

Бид бүхний сайн мэдэх “Breakfast at Tiffany's” номыг туурвисан зохиолч Трумен Капоте 20-р зууны гол зохиолчдын нэг төдийгүй 1960-аад онд Нью-Йоркийн шилдэг үдэшлэгүүдийг зохион байгуулдаг байснаараа алдартай нэгэн юм. Тэрээр Нью-Йоркт маш их хайртай байсан бөгөөд хотын хамгийн шилдэг баар, ресторануудыг гарын таван хуруу шигээ мэддэг байсан байжээ. Трумен өөрийн алдарт "Black & White Ball" үдэшлэгийг зохион байгуулахын тулд аль болох хамгийн тансаг газрыг сонгохыг зорьсон байна. Түүхэнд бичигдсэн "Black & White Ball" багт наадам 1966 онд Нью-Йорк хотын төвд байрлах The Plaza зочид буудалд зохион байгуулагдсан билээ. Үдэшлэгийн урилгыг олж авах нь бараг л боломжгүй зүйл байсан бөгөөд The Plaza зочид буудлын танхимд Фрэнк Синатра, Миа Фарроу зэрэг нэрт хөгжимчид, зураачид, зохиолчид болон бусад нөлөө бүхий хүмүүс цугларсан юм. Нью-Йорк хотын нэр хүндтэй зочид буудлын хувьд тус үдэшлэг нь The Plaza-д зохион байгуулагдаж байсан хамгийн алдартай арга хэмжээгээр тооцогддог аж.

Эрнест Хэмингуэй - La Closerie des Lilas кафе, Парис

Агуу зохиолчдын зочлох дуртай байсан зочид буудал болон ресторанууд (фото 2)

“Парисын шилдэг кафенуудын нэг болох La Closerie des Lilas-ийн кофеноос илүү сайхан амттай кофе олдохгүй. Энд өвөлдөө дулаан байдаг бол хавар, зуны улиралд сэрүү татаад сайхан” хэмээн Францын нийслэлийг биширсэн зохиолч Эрнест Хэмингуэй бичиж байсан удаатай. Сонирхуулахад, тэрээр тус кафед тухлан сууж байхдаа алдарт “The Sun Also Rises” бүтээлээ зохиосон бөгөөд ер нь л La Closerie des Lilas кафегаар зочлолгүй нэг ч өдрийг өнгөрүүлж чаддаггүй байжээ. Энэ нь ч тийм гайхмаар зүйл биш юм. Учир нь уг кафе нь сайн чанарын, амттай гэгч кофегоор үйлчлэхээс гадна зохиолчид, зураачид, жүжигчид зэрэг бүтээлч мэргэжлийн бүх төлөөлөгчдийг цуглуулдаг байсан гэнэ. 19-р зууны сүүлчээс Пол Верлен, Артур Римбо, Пабло Пикассо, Жан-Пол Сартр зэрэг алдартнууд мөн Парисаар зочлох бүртээ La Closerie des Lilas-д кофе ууж, амттай зоог барьдаг болжээ. Тэр ч бүү хэл Владимир Ленин энэхүү кафед шатар тоглох дуртай хэмээн хэлж байсан байна. Та Парис руу аялахдаа тус кафег заавал зориорой. Кафены зарим ширээний бүтээлэг дээр алдартнуудын гарын үсгүүд хүртэл байдаг юм шүү. 

Жоан Роулинг - The elephant house кафе, Эдинбург

Агуу зохиолчдын зочлох дуртай байсан зочид буудал болон ресторанууд (фото 3)

Эдинбургийн The elephant house кафе нь гаднаасаа төдийлөн анхаарал татахгүй. Гэхдээ дотоод засалд нь түлхүү зааны дүрс ашиглагдсан нь хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийг ихэд татдаг байна. Мөн тус кафены алдаршсан шалтгаан нь нэрт зохиолч Жоан Роулинг цонхны дэргэдэх ширээний ард “Харри Поттер” зохиолоо бичдэг байжээ. Тийм ч учраас орон орны хүмүүс уг кафег зорьдог болж, орох болгонд сул ширээ бараг байдаггүй байна. Сонирхолтой нь, олон залуу зохиолчид бичгийн цаастай ирж, ширээний ард Английн уламжлалт цайнаас шимтэн ууж, зохиол бичих гэж оролддог гэнэ. Та ч мөн адил урам зориг, урлагийн онцгой мэдрэмж олж авахыг хүсвэл ийшээ зочлохыг зөвлөж байна.

Франсуаза Саган - Le Mathis Bar, Парис

Агуу зохиолчдын зочлох дуртай байсан зочид буудал болон ресторанууд (фото 4)

Францын зохиолч Франсуаза Саган баяр найрт хамгаас дуртай нэгэн байжээ. Тэрээр баяр найр нь хүнд олон төрлийн ач тустай хэмээн үздэг байсан юм. Франсуаза томоохон үдэшлэгүүдэд очих дуртай байсан бөгөөд алдартнуудын цуглардаг шилдэг баар, ресторануудын байнгын үйлчлүүлэгч болсон байдаг. Түүний хамгийн очих дуртай байсан газруудын нэг бол одоо Mathis хэмээн нэрлэгдэх болсон зочид буудалд байрлах Le Mathis Bar байжээ. Маш их хэмжээний улаан хамба хилэн материал, алтлаг элементүүд давамгайлсан тус загварлаг газарт дотно яриа өрнүүлэхэд тохиромжтой гэнэ. Зохиолч Le Mathis Bar-д өөрийн шүтэн биширдэг дизайнер Ив Сен Лорантай амьдрал, ажил, урлагийн талаар ярих их дуртай байжээ.

Иосиф Бродский - Accademia зочид буудал, Венец

Агуу зохиолчдын зочлох дуртай байсан зочид буудал болон ресторанууд (фото 5)

Оросын яруу найрагч Иосиф Бродский гайхамшигт Венец хотын талаар өөрийн шүлэг, зохиолуудаа багагүй дурдаж байсан. Тэрээр анхны айлчлалаараа хотын төвөөс хэдхэн километрийн зайд орших, Венецийн өвөрмөц онцлогийг өөртөө шингээсэн Pensione Accademia зочид буудалд буусан байдаг. Жижиг талбайтай өрөөнүүд, хуучин бат бөх тавилга, төрөл бүрийн ургамал, цэцэгстэй том цэцэрлэг, амттангуудаар дүүрэн дэргэдэх кафе гээд л тус зочид буудалд дурлах шалтгаан олон бий.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх