Загварын блогеруудын эрин үе дууссан уу? 2021 оны тренд тогтоогчдыг нэрлэлээ
Олон улсын загварын хайлтын Lyst платформ нь жил бүр интернетийн хайлтаараа тэргүүлсэн бүтээгдэхүүн, брэнд, үүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тайлан гаргадаг уламжлалтай билээ. Тухайлбал, 2021 оны гуравдугаар улиралд Prada брэндийн сийрсэн цүнх, Versace-ийн платформ ултай атласан өсгийт болон Bottega Veneta ордны ногоон өнгийн үслэг шаахайны интернет орчин дахь хайлт хамгийн өндөр байсан байна. Ингээд Lyst платформын гаргасан 2021 оны дэлгэрэнгүй тайланг хамтдаа харцгаая.
Instagram блогеруудын эрин үеийн төгсгөл. Жүжигчид, дуучид, хөгжимчид болон дизайнерууд илүү өндөр эрэлттэй байна.
2010-аад оны эхэн үеэс эхлэн загварын инфлюэнсерүүдийн тус салбарт эзлэх байр суурь өргөжин тэлж саяхныг хүртэл өсөж байсан билээ. Харин одоо хүмүүсийн сонирхол эргээд кино, хөгжим, загвар, гоо сайхан, ном, зохиол гэх мэт салбарууд руу татагдаж байна. «Загварт сонирхолтой хүмүүс Instagram-ын инфлюэнсерүүдээс санаа авч, даган дуурайхаа больсон. Харин тэд олон төрлийн стилийг хослуулж, медиа, кино болон видео тоглоомоос урам зориг авч байна» хэмээн Lyst платформын соёл судлалын менежер Бренда Отеро онцолсон юм.
Хэрэглэгчдийн худалдан авалтад хамгийн их нөлөөлж буй хүмүүсээр Аня Тейлор Жой, Харри Стайлс, Карди Би, Аманда Горман, Lil Nas X болон Дуа Липа нар тодорчээ. Жишээ нь, дуучин Lil Nas X Bet Awards 2021 шагнал гардуулах ёслолд Английн Richard Quinn брэндийн цэцгэн хээтэй хослолоор гоёсны дараагаар цэцгэн хээтэй, тод өнгийн хувцасны хайлт 24 цагийн дотор 78% өссөн байна.
Өсөх ирээдүйтэй, залуу брэндүүд 2021 оны хүслийн жагсаалтыг тэргүүлсэн.
2021 оны турш интернет орчинд хүмүүсийн анхаарлыг маш олон залуу брэндүүд татсан байна. Ялангуяа, шилдэг залуу загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг LVMH Prize 2021 тэмцээнд ялалт байгуулсан Нэнси Дожака тэдгээрээс тэргүүн эгнээнд жагсжээ. Түүний янз бүрийн хайчилбаруудтай хар мини даашинзаар Белла Хадид, Эмили Ратаковски нар гоёж, дэлхий дахинд танигдаад зогсохгүй «2021 оны нэгдүгээр улирлын хамгийн эрэлттэй хувцсаар» тодорсон билээ.
Мөн Лондон хотоос гаралтай Харрис Рид болон Максимилиан Дэвис нарын үүсгэн байгуулсан Harris Reed, Maximilian брэндүүдийн хандалт 2021 онд 189% болон 49%-р тус тус өсчээ. Эдгээр брэндүүд нь өөрсдийн бүтээгдэхүүнээ загварын блогеруудаар биш, харин Харри Стайлс, Билли Айлиш, Эмма Уотсон зэрэг A зэрэглэлийн алдартнуудаар дамжуулан сурталчилсан нь уг амжилтыг үзүүлсэн гол шалтгаан нь хэмээн Lyst тэмдэглэсэн юм. Түүнчлэн Christopher John Rogers, I.Am.Gia, The Attico, Christopher Esber, Area болон Mach & Mach брэндүүд шинэ бөгөөд эрэлттэй брэндүүдийн жагсаалтад багтжээ.
Netflix платформ стриминг үйлчилгээний салбарынхаа хамгийн том загварын инфлюэнсерээр тодорсон.
Lyst-ийн мэдээллэж буйгаар Netflix платформ нь загварын долоо хоногуудтай дүйцэхүйц түвшинд худалдан авагчдын хүсэл, хэрэгцээнд нөлөөлж байгаа гэнэ. Тус платформд байршсан «Bridgerton» цуврал л гэхэд ганцхан жилийн дотор 105,000 гаруй хандалтыг сошиал тавцангуудад авсан бол дизайнер Халстоны талаар өгүүлэх «Halston» цуврал гарсны дараа уг брэндийн интернет дахь хайлт 550% өссөн юм. Харин «Sex Education» бүтээлийн гуравдугаар улирал гарснаас нэг долоо хоногийн дараа сургуулийн хэв маягтай куртка болон клеш загварын өмдийг сонирхсон хүмүүсийн тоо 93%, 50%-р нэмэгдсэн байна.