Хайх

Дизайнер Виржил Абло амжилттай карьерын нууцаас дэлгэлээ

Дизайнер Виржил Абло амжилттай карьерын нууцаас дэлгэлээ

Өөрийн амжилтын нууц дээр тулгуурлан үнэтэй зөвлөгөөнүүдийг өглөө

Text: Buro.Mongolia


Дизайнер Виржил Абло Off-White брэндийнхээ хүрээнд Mr.Porter онлайн дэлгүүрт зориулан тусгай капсул цуглуулга гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан богино хэмжээний ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагадаа тэрээр амжилттай карьер бүтээх талаар хэд хэдэн үнэтэй зөвлөгөө өгсөн байна.

Амжилтад хүрэх хялбар замын тухайд

"Амжилтад хүрэх хялбар замыг санамсаргүй байдлаар олох боломжтой ч, та үүнд найдаж болохгүй. Гэхдээ амьдралд хүн бүрт зориулагдсан хялбар зам гэж байдаг. Гол нь тэрхүү боломжоо та олж харж чадах үү л гэдэгт байна. Санамсаргүй байдлаар амжилтад хүрэх замыг олохын тулд хоёр талаас бие бие рүүгээ тэмүүлэх энерги байх хэрэгтэй. Тиймээс та үргэлж урагш хөдөлж, тэрхүү боломжтойгоо тааралдах мөч хүртлээ хөдөлмөрлөж байх учиртай юм".

Шаргуу хөдөлмөрлөхийн тухайд


"Шаргуу хөдөлмөрлөж байгаа хүний амьдралд бүх зүйл аяндаа бүтдэг. Мэдээж заримдаа бид асуудалтай тулгардаг ч миний бодлоор яг л тэр үед хүн өөрийгөө илүү агуу зүйл рүү түлхэж чаддаг".

Түгшүүрийн тухайд

"Түгшүүр бол миний хувьд хөдөлгөх хүч юм. Бүтээлч ажил эрхэлдэг хүмүүс үргэлж л шинэ санаа байхгүй үедээ түгшиж эхэлдэг. Харин тэрхүү түгшүүр нь бидэнд урагш хөдлөх хүч болж өгдөг юм".

Хамтран ажиллах хүмүүсээ ямар шалгуураар сонгох хэрэгтэй тухайд


"Би юуны түрүүнд зөвхөн өөрийнхөөрөө байдаг хүмүүстэй л хамтран ажилладаг. Хоёр толгой нэг толгойноос илүү гэдэгт би бат итгэдэг. Манай оффисын хүн бүр хоорондоо хамтран ажиллаж нэг баг болдог бөгөөд энэ нь миний бодлоор хамгийн зөв хөгжлийн зам юм. Би үргэлж өөрийн гэсэн дуу хоолойтой надтай хамтраад гайхалтай зүйлийг хийх чадвартай хүнийг хайж байдаг. Магадгүй бид тус тусдаа дутмаг байж болох ч хамтраад хүчирхэг болдог тийм л хамтрагч хэрэгтэй".

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх