Хайх

Домогт дизайнер Карл Лагерфельд таалал төгслөө

Домогт дизайнер Карл Лагерфельд таалал төгслөө

85 насандаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

XX болон XXI-р зууны хамгийн нэр хүндтэй, олонд танигдсан, хөдөлмөрч дизайнер Карл Лагерфельд хоёрдугаар сарын 19-ний өдөр Парис хотод таалал төгслөө.

Лагерфельд Chanel брэндийн бүтээлч захирлаар 36 жилийн турш ажиллахдаа бүхэл бүтэн эрин үеийг тодорхойлж, загварын салбарыг өөрчилсөн байдаг. Түүнийг дэлхийн аль ч өнцөгт хар нарны шил, боосон үс зэргээр нь таньдаг төдийгүй салбарын мэргэжил нэгт уран бүтээлчид түүнийг багш, үлгэр дууриалал хэмээн харан хүндэлж үргэлж түүнээс бүтээлч санаа авдаг байсан. Амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөж ирсэн Лагерфельд 70 гаруй жилийг загварын ертөнцөд зориулсан юм. Тэрбээр нэгэн удаа ярилцлага өгөхдөө "Амьдрал бол гоо үзэсгэлэнгийн тэмцээн биш. Оюун ухаан үлдэнэ. Харин залуу нас ба гоо үзэсгэлэн нь улирлын чанартай ойлголт юм" хэмээн хэлсэн байдаг.

Анх 1983 онд Chanel брэндэд хүрэлцэн ирэхдээ Карл Лагерфельд загварын ордны нэрийн хуудас болсон твид материал бүхий юбкатай хослол, богино хар даашинз, хаваастай гар цүнх зэрэг домогт загваруудыг илүү орчин үеийн уур амьсгалд оруулан заримдаа хип-хоп хэв маягтай хослуулж, заримдаа далайн эргийн стильд уусгаж, өөр үед диско чиглэлд оруулдаг байсан. Юутай ч тэрбээр брэндийн үүсгэн байгуулагч Коко Шанелийн чухалчилдаг байсан эрх чөлөө, өөртөө итгэлтэй байдал, орчин үеийн төрх зэрэг шинж чанаруудыг хэзээ ч алдагдуулж байгаагүй юм.

Карл Лагерфельд 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай мэдээлэл гарсны дараа салбарын олон дизайнерууд ба бусад уран бүтээлчид түүнд зориулсан сүүлийн үгсээ хуваалцсан байгаа. Донателла Версаче "Бид таны ер бусын авьяас чадвар, дуусашгүй их урам зориг, бүтээлч байдлыг хэзээ ч мартахгүй. Бид үргэлж танаас суралцсаар байх болно" хэмээн бичсэн бол, Анна Винтур дизайнерыг "бүтээлч суут хүн" гэж тодорхойлон "Карл бол гоц авьяастай, хөгжилтэй, үгээр илэрхийлэшгүй их сайхан сэтгэлтэй, өглөгч зантай нэгэн байсан. Би түүнийг маш ихээр санана" хэмээн өөрийн мэдэгдэлдээ өгүүлжээ. Харин супермодель Клаудия Шиффер "Уорхол урлагийн салбарын хувьд хичнээн чухал байсантай адил Карл загварын ертөнцөд орлошгүй хүн байсан. Тэр бол хар ба цагаан өнгийг өнгөлөг харагдуулж чаддаг байсан цорын ганц хүн" гэж бичсэн байлаа.

Баярлалаа, Карл.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх