Өдрийн онцлох бичлэг: Парисын гудамжаар шогших ганц эвэрт
Thom Browne брэндийн “Мэгги ба шидэт ганц эвэрт” бичлэг
Дизайнер Том Браун «Maggie and the Magical Unicorn» буюу "Мэгги ба шидэт ганц эвэрт" хэмээн нэрлэгдсэн шинэ сурталчилгааны бичлэгээ танилцууллаа. Уг бичлэгт нэгэн бүсгүй ганц эвэрт дагуулан Парис хотын гудамжаар алхаж буйгаар гарна. Гол дүрээр сонгогдсон загвар өмсөгч Мэгги Мауэр өмнө нь Португалийн Vogue сэтгүүл дээр гарч, Céline ба Pringle of Scotland брэндүүдийн загварын шоунд оролцож байсан туршлагатай юм.
Анаахай мэт ер бусын дүр төрхтэй, бүхэлдээ цагаан өнгөөр хувцасласан Мэгги болон түүнтэй хослон харагдах цагаан өнгийн ганц эвэрт нар Нотр-Дам де Пари сүмийн хажуугаар, Сена мөрөнгийн дагуу алхаж, хүмүүсийг нэгэн зэрэг гайхшруулан баярлуулна. Бичлэгийн ард явах дуун дээр "Бид өөр оддыг төсөөлөн бодож болно. Шөнийн тэнгэрт хэзээ ч гялалзаж байгаагүй тэрхүү хачирхалтай оддыг" гэх үгс сонсогдоно.
Ганц эвэрт бол Thom Browne брэндийн хавар-зун 2018 цуглуулгын бэлгэ тэмдэг юм. Хоёр хүний удирдлагаар хөдөлдөг энэхүү хүүхэлдэй нь анх брэндийн загварын шоун дээр гарч ирж байсан билээ.