Кендалл Женнер яагаад Нью-Йоркийн загварын долоо хоногийг алгасах болсон бэ?
"Өөрийгөө тайван байлгахыг хичээж байна"
Нью-Йоркийн загварын долоо хоног зургаа дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Хадид эгч дүүс, Кайя Гербер зэрэг загвар өмсөгчид Tom Ford, Ralph Lauren болон бусад олон брэндийн загварын шоунд оролцсон бол Кендалл Женнер энэ удаад Нью-Йоркийн загварын долоо хоногийг алгасахаар шийджээ.
Тэрээр W сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Заримдаа адал явдлаар дүүрэн, чөлөө завгүй загварын долоо хоногт оролцох биш, харин үзэгчийн хувиар шинэ загваруудыг ажиглаж суух нь их сонирхолтой байдаг. Надад энэ нь таалагдаж байгаа. Цоо шинэ цуглуулгуудын анхны үзэгч байх нь их сэтгэл хөдөлгөм шүү" хэмээн ярьжээ.
Кендалл Женнер мөн загварын долоо хоногийн үеэрх хэт ачааллаас болж сэтгэл хямралд өртдөг тухайгаа дурдсан юм. "Би өөрийгөө тайван байлгахыг хичээдэг. Гэхдээ би заримдаа түгшүүрт автаж эхэлдэг. Тиймээс би зүгээр өөрийнхөөрөө байж, тайвшрах шаардлагатай болдог" гэж загвар өмсөгч бүсгүй хуваалцсан юм.
Эргэн сануулахад Кендалл Женнер өнгөрсөн наймдугаар сард Love сэтгүүлд өгсөн ярицлагадаа бусад загвар өмсөгчдийн тухай сөрөг зүйл ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм. Гэхдээ тэрээр энэ асуудлыг тодруулж, олон нийт түүний эерэг утгаар хэлсэн үгсийг буруугаар ойлгосон болохыг онцолсон билээ.