Michel & Amazonka: Бид хятад хувцас хийгээгүй гэдэгтээ 100% итгэлтэй байна
Хэдхэн хоногийн өмнө Зуны олимпын наадамд оролцох монгол тамирчдын хувцсыг Michel & Amazonka брэнд олон нийтэд танилцуулсан. Улмаар нийгмийн сүлжээнд хүмүүс Парис-2024 цуглуулгыг хятад, манж дээлийн загвараас хуулбарласан хэмээн шүүмжилж, бүр Монголдоо үйлдвэрлээгүй гэх хардлага эрчимтэйгээр тархаж байгаа нь харамсалтай. Тэгвэл BURO. тус брэндийн үйлдвэр дээр биечлэн очиж, загвар бүтсэн үйл явцтай нь танилцахын зэрэгцээ брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Ч.Нямханд буюу Амазонка, компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал, менежер Б.Мөнхбаяр, ахлах дизайнер Д.Ундармаа нараас энэ талаар албан ёсны тайлбар авлаа.
Парисын олимпын наадам эхлэхэд ердөө хэдхэн хоног үлдлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
Мөнхжаргал: Холимог сэтгэгдэлтэй байна. Баярлах зүйл байхад сэтгэл гонсойлгосон үйл явдлууд ч боллоо. Одоогоор хүлээлтийн нөхцөл байдалтай л байна. Тиймээс одоо нийгмийн сүлжээнд нийтлэгдээд буй хүмүүсийн сэтгэгдэлд тайлбар хийх цаг нь нэгэнт болжээ гэж харлаа.
Олимпын наадмын нээлтийн болон хаалтын ёслолд тамирчдын өмсөх хувцасны загварыг олон нийтэд танилцуулсны дараа хятад, манж дээл байна гэсэн шүүмж нийгмийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар тайлбар өгнө үү.
Амазонка: Олимпын наадам эхлэхээс жилийн өмнө бид ёслолын хувцсыг нь хийе гэж санаачлаад зургаа гаргаад явуулж байсан. Улмаар манайх шалгарч, эхний загвараа хийгээд Монголын мэргэжлийн дизайнерын холбооны тэргүүн болон холбогдох байгууллагуудын 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг бодитоор нь харж, өнгө, оруулга дээр нийт 4-5 удаа загварын өөрчлөлтүүд хийгдсэний эцэст эцсийн хувилбараа баталсан юм. Гадуур яагаад хятад дээл гэж хараад байгааг ойлгохгүй байна. Бид бүгд л босоо захтай дээлийг маш олон жилийн турш өмссөөр ирсэн. Цагаан сар, Наадмаар ч өмсдөг, ийм захтай даашинзыг хүртэл янз бүрээр нь загварчилж хийдэг. Өөрөөр хэлбэл нэгэнт бидний хэрэглээ болчихсон загвар шүү дээ. Зөвхөн Хүннү дээлийг л өмсөнө гэж харж болохгүй. Босоо захтай дээл ч гэсэн манж гэхээсээ илүү манай монголчуудын уламжлалт дээл. Манай цаг агаар, хүйтэн сэрүүн уур амьсгалд тохиромжтой учраас шалгараад гараад ирчихсэн дээл хувцсыг хятад гэж ярьж, өөрсдийн үндэсний дээл хувцсаа хэл амаараа бусдад зүгээр өгөөд алдчихаж ерөөсөө болохгүй ээ.
Дөрвөн Арвайт гэдэг брэндийн Тулга гэдэг ах байдаг юм. Би Youtube дээр бичлэгийг нь үзээд мундаг хүн байна гэж их бахархаж байлаа. Тэр хүн маань биднийг олимпын хувцсыг Хятадад үйлдвэрлэж байна, хятад хувцас хийж байна гэж харлуулаад интернэтээр давлагаалсан байна л даа. Энэ хүн маань манж, хятад загвартай гээд байгаа дээл хувцсаа өөрөө ч хийдэг. Еэвэн хээтэй хятад торгоор хийсэн хантааз, дээлүүд нь өөрийнх нь брэндийн хуудас дээр нь бий. Өөрөө бидэнтэй ижил үйлдвэрлэл хийдэг мөртөө яагаад ингэж биднийг харлуулсныг нь ойлгоогүй.
Загварын хувьд олимпын туг барих хоёр тамирчин маань бусдаасаа өөр загвартай хувцас өмсөнө. Эмэгтэй нь хантаазныхаа ард нөмрөгтэй, бас ханцуйд нь харваач нударгыг хийж өгсөн. Манайхан бас халууцна гэж хараад байгаа бололтой. Халууцах талаас нь бид бодолцоод доторх дээлийг нь маш нимгэн тааран материалаар хийсэн юм. Эрэгтэй нь ч мөн харваач нударгатай. Үүн дээрээ нум сумтай хатгамлыг хийж өгсөн. Спорт гэдэг утгаараа илүү дайчин хэв маягийг харуулахыг хичээсэн. Хантаазаа жанжин Д.Сүхбаатарын хуяг дуулганаас санаа авч бүтээсэн бөгөөд дээр нь бидний өөрсдийн зохиосон уул, үүл, есөн хөлт цагаан туг, олимпын лого зэргийг шингээж өгсөн. Баатарлаг бас илүү гоё тансаг байх үүднээс монгол элементүүдээ шингээн шинэ загвар зохиож урласан юм. Дээл маань босоо захтай учраас хантаазаа захгүй хийсэн. Богдын музейд захгүй хантааз дэлгэгдсэн байгааг харж болно. Богд хаант Монгол Улсын үед Их хатан Дондогдулам Богдын хүрээндээ өөрөө 120-иод оёдолчин, 50-иад уран зураачийг цуглуулж янз бүрийн соёлын өвийг бүтээж хадгалж үлдээсэн байсан. Гарын уртай энэ хүний урласан дээл, хантаазнууд нь Богдын музейд одоо ч хадгалагддаг. Харин одоо үед дизайнерууд Монголынхоо хувцсыг илүү шинэлэг байдлаар өөрчилж хийхэд манайхан хүлээж авч чадахгүй байгаа юм болов уу. Шинэчилж хөгжих сонирхол байдаггүй юм болов уу гэж харлаа. Бид хятад хувцас хийгээгүй гэдэгтээ 100% итгэлтэй байна. Монгол тамирчдынхаа хувцас, гоёлоор дамжуулан гаднынхыг гайхшируулж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Мөн Зуны олимпын наадам эхлэхэд ердөө хоёрхон долоо хоног үлдсэн байгаа энэ үед тамирчдынхаа сэтгэл санаанд нөлөөлөх хэрэг байна уу гэж асуумаар байна.
Та олимпын хувцсаа урлахдаа юунаас урам зориг авсан бэ?
Маш олон зүйлээс санаа авсан. Жишээ нь өмдний хувьд Парисын олимпын ерөнхий алтлаг бейж өнгийг хувцсан дээрээ оруулснаас гадна Монголынхоо хөх тэнгэрийг бэлгэдэж эрэгтэй хантаазныхаа өнгийг сонгосон. Чингисийн үеийн монгол хатдын дээл хувцсан дээр байдаг хээ хуарыг дахин тэр чигт нь буулгаж, ханцуй болон цүнх дээр урласан. Босоо захтай монгол цамц дээр хантааз өмсгөөд, тамирчдын биеийн хэлбэрийг тооцоолж эмэгтэйчүүдэд доогуураа хуниастай юбка сонгох нь зохимжтой санагдсан. Үүнээс гадна тугчид Сена мөрөн дээр завьтай орж ирэхэд нөмрөг нь сэвэлзэж харагдвал их сүртэй гоё харагдах юм болов уу гэж бодсон. Тугчид маань монгол гутал, жанжин малгайгаа бас өмсөж байгаа. Энэ нь миний төсөөллөөр жанжин Д.Сүхбаатар зогсож байгаа мэт сүр жавхлантай харагдахаар бодож хийсэн.
Хүмүүс бас моделиудыг дүнсгэр төрх гаргасан гэцгээж байна
Энэ тал дээр бидэнд алдсан зүйл бий. Моделиудаа зурган дээрээ аль болох цоглог байгаарай гэж хэлсэн боловч тэд маань өдөржин, шөнөжин зураг авалттай байсан учраас бас жаахан ядарсан гарсан байх.
Монголд олон хүн танай загварыг шүүмжилж байгаа бол гаднынхан мэр сэр магтсан харагдлаа
Тийм ээ. Тайландад хүртэл манай загвар яригдаад эхэлсэн байна. Тайландын Harper’s Bazaar сэтгүүл Чингисийн үр сад Парисын олимпын наадамд өөрсдийгөө гайхуулахаар оролцох гэж байна гээд их гоё бичсэн байсан. Ерөнхийдөө гурван удаа дараалж олимпын хувцсыг хийлээ. Тэр болгонд хэл ам дагуулж байсан боловч нөгөөтээгүүр дэлхий даяар хүмүүс Монгол ямар гоё юм гээд бас биширсэн шүү дээ. Бүр өмнөх хувцсыг Олимпын музейд хүртэл авсан байгаа. Монголчуудыгаа бусад орны хүмүүст гайхуулах гээд л хамаг хүч чадлаараа бид бүгд ажиллаж байгааг ойлгоосой гэж хүсэж байна.
Энэ жилийн олимпын наадмын хувцсыг ер нь яагаад хийхээр болсон юм бэ? Сонгон шалгаруулалт зарласан уу?
Мөнхжаргал: Монголын үндэсний олимпын хороо анх дизайнеруудад сонгон шалгаруулалтад орох хүсэлт тавьсан. Сонгосон байгууллагаа дуудаж зураг хөрөг дээр нь удирдлагууд нь өөрсдийн санал бодлоо хэлж, улмаар хэд хэдэн удаагийн уулзалтад орсноор загвар нь батлагдаж цаашлаад үйлдвэрлэлийн процесстоо ордог. Сүүлийн хэдэн удаагийн олимпын наадам ийм зарчмаар л явсан.
Мөнхбаяр: Анх бид 2023 оны есдүгээр сард Монголын үндэсний олимпын хороо руу ирэх жилийн Парисын олимпын хувцсыг хийх боломжтой гэсэн албан бичгийг, анхан шатны загвартайгаа явуулж хандаж байсан. Гэвч тухайн үед манай компани бус өөр үндэсний нэгэн томоохон компани ивээн тэтгэж гүйцэтгэхээр болсон гэхэд нь бид больсон. Харин 2024 оны хоёрдугаар сарын сүүлээр Монголын үндэсний олимпын хороо эргэж холбогдоод сонгон шалгаруулсан компани нь олимпын хувцас хийх боломжгүй болсныг дуулгаж биднээс боломжтой эсэхийг тодруулахад бид багаараа ярилцаад зөвшөөрсөн. Үүнээс гадна Монголын үндэсний олимпын хороо болон холбогдох байгууллагууд 10,000 хүний дунд санал асуулга явуулахад нийт бараг 93% нь энэ удаагийн олимпын хувцсыг Michel & Amazonka-гаар хийлгэх хүсэлтэй гэсэн үр дүн гарсан. Бид ийм санал асуулга явуулсныг ч мэдээгүй. Ингээд тэд манайхыг нэгдүгээрт шалгарсныг дуулгаж, мөн өмнөх жилүүдэд ажилласан туршлагатайг нь харгалзан үзэж бидэнд санал тавьсан юм билээ. Иймд 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд Монголын үндэсний олимпын хороотой гэрээ үзэглэсэн. Гэрээний дагуу бид загваруудаа сайжруулан шинэчлэх, үлгэр загваруудаа гаргах талаар дор дор нь уулзаж үзүүлж байсан. Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбоо (MPDU), тамирчдын төлөөлөл, Олимпын хорооны ажилтнууд, манай талаас би болон манай дизайнерууд гээд энэхүү баг бүрэлдэхүүн нийт дөрвөн удаа уулзан ярилцаж загвараа гаргасан. Олимпын хорооны комисс дээр ч бид загвараа танилцуулсан. Энэ бүх шат дамжлагууд ёс журмынхаа дагуу явсан гэдгийг хэлье.
Олимпын хувцас урлах үнэ өртгийг нь хэрхэн тооцоолсон бэ?
Мөнхжаргал: Сүүлийн гурван олимпод тамирчдад зөвхөн нэг хувцас бус багц хувцас хийж өгч байгаа. Гутлаас эхлээд малгай хүртэл бүтэн дүр төрхөөр нь үнэ өртгийг нь бодож гаргадаг. Тухайлбал эрэгтэй тугчин дээр л гэхэд монгол малгай, дээл, хантааз, монгол гутал, бүс гээд таван хэсгээс бүрдсэн. Харин эмэгтэй тугчин арай олон буюу толгойн гоёл, ээмэг, хантааз, дээл, бүс, гутал, богц гэсэн долоон эд зүйлтэй. Эрэгтэй тамирчны хувьд монгол цамц, хантааз, малгай, өмд, гутал гэсэн таван иж бүрдэл багтсан бол эмэгтэй тамирчин толгойн гоёл, ээмэг, монгол цамц, хантааз, гутал, богц, юбка гэсэн долоон хувцас, аксесуартай.
Олимпын хорооноос зүгээс бидэнд нэгт олимпын хувцас урлах, хоёрт үнийн дүнгээсээ хямдруулж өгөх, дээрээс нь нэмээд зураг авалт, видеоныхоо өртгийг даах гэсэн хоёр хүсэлт тавьсан юм. Үүнийх нь дагуу бид иж бүрдэл хувцсаа манайх дээр зардгаас хамаагүй хямд буюу 40-50% хямдралтай үнээр хийсэн. Харин гутал, малгай хоёрыг өөр брэндээс өөрсдийнх нь үнээр нь авсан. Бусад бүх зүйлийг бид өөрсдөө загварыг нь зохиож, гар аргаар үйлдвэр дээрээ урласан гэдгийг хэлье. Хятадад үйлдвэрлэсэн гэж яриад байгаа хүнд хандаж хэлэхэд, хэрэв боломжтой бол манай урлан дээр ирээд үйлдвэрлэлийн процесстой танилцаад, хэрхэн хийж байгааг нь хараасай гэж хүсэж байна. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг ингэж гүтгэж болохгүй ээ. Өөрөө оёдлын чанарыг нь шалгасан юм шиг нийгмийн сүлжээнд сэвэхээ болиоч ээ л гэж хэлмээр байна.
Гадуур бас бэлэн загвараар хийсэн гэх яриа сонсогдож байна
Мөнхжаргал: Хэрвээ бэлэн загвар аваад хийсэн бол Amazon, Alibaba, Taobao болон бусад ижил төрлийн вэбсайт дээр хайхад л гараад ирнэ шүү дээ. Огт тийм зүйл байхгүй. Ойролцоо өнгөтэй огт өөр загварын хувцсыг яг ижилхэн гэж хараад байх шиг байна.
Нэгж хувцсыг хийхэд зарцуулж байгаа цагийг бидэнд хэлж өгөхгүй юу
Мөнхжаргал: Хувцасныхаа загвараас шалтгаалаад цаг хугацаа нь янз бүр. Үндэсний загвар бол нэлээд их ажиллагаатай. Ялангуяа хатгамал ихтэй байвал илүү их цаг ордог. Хатгамал машинаас гарч ирэхэд хойд талд нь цаасан дэвсгэртэй байдаг бөгөөд үүнийг нь цэвэрлэхэд л маш их цаг зарцуулдаг. Энэ богцны хатгамлыг л гэхэд (Дээрээ хатгамалтай богцыг жишээ болгон харуулав. Редакцын тэмдэглэл.) би гурван цаг цэвэрлэсэн. Тэгтэл манай бүх загваруудын зах, хантаазны энгэр дээр хатгамлууд урлаж өгсөн байгаа.
Ундармаа: 2024 оны хоёрдугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 5-ны хооронд буюу 99 хоногт, нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр олимпын 50 багц хувцас хийсэн. Үүнд гурван дээл, зургаан хантааз, дөрвөн цамц, хоёр юбка, хоёр богцон цүнх, дөрвөн толгойн гоёл, дөрвөн ээмэгний жишээ загвар (sample) хийсэн байна.
Мөнхжаргал: Энэ бүрд бид Олимпын хороо дээр очиж үзүүлж, хүндээ өмсүүлж харуулахаас гадна хэрэв янзалж, өөрчлөх зүйл байвал дараа, дараагийн жишээ загваруудаа гаргадаг байсан. Ингээд батлаад бүрэн болсон тохиолдолд үйлдвэрлэлийнхээ процесст орно. Батлах хугацаа нь ч бас удаан.
Ундармаа: Дээлийг л гэхэд гурав дахь, хантаазыг зургаа дахь жишээ загвар дээрээ баталж байсан.
Хувцас урлах үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
Ундармаа: Батлагдсан эскиз орж ирэхэд зохион бүтээлтийн хэсэг тамирчдын биеийн хэмжээг аваад үндсэн бүх эсгүүрүүдээ гаргана. Тамирчид энгийн хүмүүсийг бодвол мөр өргөнтэй, булчингийн масс ихтэй байдаг учраас тэд нарынхаа онцлогт тохируулж бүх хувцсан дээр нь жишээ загвар гаргасан. Бид энэ олимпод зориулж өмнө нь ашиглаж байгаагүй, биед наалдахгүй, уналттай гоё шинэ материалууд захиалсан. Ингээд материалаа ирэхээр эсгэхийн зэрэгцээ хатгамал, наалт гэхчлэн технологийн ажлууд бас давхар хийгддэг. Дараа нь оёдлын мастерууд нь хариуцаж аваад, заасан хэмжээгээр нь оёж өгнө. Хүн бүрийн биеийн хэмжээнд нь тааруулж урласан болохоор бүх хувцаснууд маань ийм нэртэй (Өлгүүрт өлгөөстэй тамирчдын хувцсыг харуулав. Редакцын тэмдэглэл). Оёдлоосоо гараад гар ажиллагааны хэсэгт очоод товч, цахилгаан, төдүүл зэргийг нь нэг бүрчлэн хариуцсан хүмүүс нь хийгээд эцсийн гүйцэтгэл нь дуусдаг.
Тамирчид өөрсдөө хувцсандаа сэтгэл хангалуун байгаа юу?
Ундармаа: Анх тэд ч мөн нийгмийн сүлжээнээс хувцаснуудаа харчхаад орж ирж байсан. Тэгээд яг хүлээж аваад өмсөөд зогсож байхдаа “Одоо л ойлголоо. Энэ нь илүү гоё юм байна. Ийм дүрслэлтэй байсан юм уу?” гээд сэтгэгдэл нь огт ондоо болж байсан. Угаас Facebook-ээр зургийг нь харах нэг өөр. Бодитоор өмсөж үзээд мэдрэх бас нэг өөр л юм билээ. Хантаазыг хуяг дуулга, баатарлаг байдлыг бэлгэдэж урласан бол эрэгтэй тамирчид өмсөж үзээд тэрхүү мэдрэмжийг бүрэн авч чадаж байна гэж байсан. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн биеийн тамирын хувцастай тамирчин охид орж ирээд хувцсаа өмсөөд шууд л их эмэгтэйлэг болоод гоё сэтгэгдэлтэй үлдсэн. Тамирчдын маань энэхүү бодит сэтгэгдэл бидэнд бас энэ нийгмийн сүлжээнд үүссэн сөрөг давлагааг даван гарах хүч, дэмжлэг болж байна даа.
Албан ёсны тайлбар хийж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье!
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт