Хайх

Парис-2024: Зуны олимпын наадам эхлэхэд 31 хоног үлдлээ

Парис-2024: Зуны олимпын наадам эхлэхэд 31 хоног үлдлээ

Бүжгийн спорт олимпын наадамд анх удаа

Text: Buro.Mongolia


Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах гэж буй 33 дахь удаагийн Зуны олимпын наадам нээлтийн үйл ажиллагаанаасаа эхлээд л өндөр хүлээлт үүсгээд буй. Түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус Парис хотын дундуур урсах Сена мөрөн дээр нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буй энэ удаагийн олимпын наадамд нийт 10,500 тамирчин 32 спортын төрөлд 329 медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Парис-2024: Зуны олимпын наадам эхлэхэд 31 хоног үлдлээ (фото 1)

Үндсэн 28 спортын төрөлтэй байсан Зуны олимп 2021 онд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан наадмын үеэр скейтборд, спорт авиралт, серфинг гэх гурван шинэ төрлөөр бүл нэмж байсан. Тэгвэл энэ удаад бидний сайн мэдэх брейк бүжиг (Breaking) албан ёсоор олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдэж нийт 32 спортын төрөлтэй болоод байгаа юм. 2018 онд Аргентин улсын Буэнос-Айрес хотноо зохион байгуулагдсан Залуучуудын зуны олимпын наадамд анх оролцож багтам амжилтыг үзүүлж чадсан брейк бүжиг ийнхүү олимпын наадамд багтаж чадсан анхны бүжгийн спортын төрөл болж түүх бүтээлээ.

Парис-2024: Зуны олимпын наадам эхлэхэд 31 хоног үлдлээ (фото 2)

1970-аад оны үед Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт хип хоп хөгжмийн урсгалтай зэрэгцэн хөгжиж эхэлсэн брейк бүжиг нь 1990-ээд оноос олон улсын хэмжээний тэмцээнүүд зохион байгуулж эхэлснээр дэлхий даяар алдаршиж эхэлжээ. Тэгвэл энэ удаагийн наадамд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 бүжигчин хамгийн анхны олимпын медалийн төлөө ганцаарчилсан үзүүлбэрээр хоорондоо өрсөлдөх юм.

Парис-2024: Зуны олимпын наадам эхлэхэд 31 хоног үлдлээ (фото 3)

Ташрамд дурдахад, 34 дэх удаагийн Зуны олимпын наадам 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа бол 25 дахь удаагийн Өвлийн олимпын наадам 2026 оны хоёрдугаар сард Итали улсын Милан болон Кортина хотуудад зохион байгуулагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх