Пьер Берже муслим эмэгтэйчүүдэд зориулсан цуглуулгыг эсэргүүцэж байна
Эмэгтэйчүүдийн боолчлолын эсрэг
Сүүлийн хэдэн улирлын хугацаанд хэд, хэдэн загварын ордон нэгэн зэрэг муслим эмэгтэйчүүдийг чиглэн ажиллах болсон. Dolce & Gabbana хижаб ба абая загвараас бүрдсэн цуглуулга гаргаж, Mark & Spencer буркини буюу биеийг бүхэлд нь далдалсан усны хувцас бүтээж, харин Uniqlo брэнд муслим дизайнер Хана Тажиматай хамтарч, "даруухан" хувцасны цуглуулга танилцуулсан байгаа. Энэхүү загварын эргэлтийг ихэнх хүмүүс сайшаасан хэдий ч дургүйцсэн нэгэн бас байгаа бололтой. Тухайлбал Пьер Берже саяхан Europe 1 радиод ярилцлага өгөхдөө өөрийн эсэргүүцлээ маш тодорхой илэрхийлжээ. Түүний хэлснээр энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн дизайнерууд "эмэгтэйчүүдийн боолчлолын үйл явцад гар бие оролцож байгаагаас өөрцгүй" гэнэ.
"Би бараг 40 жилийн турш Ив Сен-Лорантай хамтарч ажилласан. Миний хувьд дизайнер хүн эмэгтэйчүүдийг илүү үзэсгэлэнтэй болгож, тэдэнд эрх чөлөө олгохын тулд загвар бүтээдэг. Харин энэхүү дарангуйллыг дэмжиж, эмэгтэй хүний гоо сайхныг нуун дарагдуулах хэрэгт оролцож яваа нь байж боломгүй зүйл. Тэдгээр эмэгтэйчүүдийг эргэн тойрон дахь нөхрүүд, гэр бүлүүд, нийгэм тэгж хувцаслахыг шаарддаг. Дизайнерууд үүнийг өөгшүүлж болохгүй. Харин ч эсрэгээрээ эмэгтэйчүүдэд бослого гаргах урам зориг өгч, орчин үеийн бүхий л эмэгтэйчүүдийн адил бие галбираа гайхуулахад нь туслах хэрэгтэй. Энэ бол ердөө л илүү их орлого олох санаа. Энэ бол хүлцэнгүй үзэл биш юм" хэмээн Берже ярьжээ.