Раф Симонсын Calvin Klein-д зориулсан анхны цуглуулга ямар болсон бэ?
Сурталчилгааны зураг авалтад Милли Бобби Браун оролцжээ
Calvin Klein брэндийн шинэ бүтээлч захирлаар томилогдсон дизайнер Раф Симонс Calvin Klein By Appointment нэртэй кутюр загварын цуглуулга танилцууллаа. Түүний анхны цуглуулгад нийт 14 загвар багтсан бөгөөд дизайнер уг хувцаснуудаараа 1920 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилсэн америкийн загварын салбарын түүхийг харуулахыг зорьсон байна.
Цуглуулгын каталогийг бельгийн зурагчин Вилли Вандерперре хариуцан ажилласан бол зураг авалтад Аббей Ли, Линейзи Монтеро, Кики Уиллемс, Натали Уэстлинг, Селена Форрест, Тесса Бруинсма гэх загвар өмсөгчид болон Netflix-ийн алдарт "Stranger Things" цуврал киноны гол дүр Милли Бобби Браун нар оролцжээ.
Цуглуулгын нэрэмжит загварын шоу хоёрдугаар сарын 10-нд Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд зохиогдож, харин хувцаснууд дөрөвдүгээр сараас эхлэн худалдаалагдах гэнэ. Шинэ цуглуулгын загвар бүр захиалагчаас авсан биеийн хэмжээний дагуу тус брэндийн Нью-Йорк дахь урланд оёгдох болно.
Сануулж хэлэхэд Раф Симонс нь 2012 - 2015 онуудад Dior ордны бүтээлч захирлаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард Calvin Klein брэнд рүү шилжсэн байгаа.