Сюрприз: Balmain брэнд аль эртнээс парик худалдаалдаг байжээ
Тааламжтай гэнэтийн бэлэг
Брэндийн нэрийг өөр бүтээгдэхүүнд ашиглах тусгай зөвшөөрлийг гуравдагч компанид олгох нь заримдаа маш гэнэтийн үр дүн авчирдаг. Гэхдээ ийм алхам брэндийн шүтэн бишрэгчдэд илүү тааламжтай байдаг. Учир нь тэд хайртай загварын ордныхоо логотой өөр, шинэ зүйл олж авах боломж гардаг. Энэ нь хоолны таваг, дэр, эсвэл бүр теннисний цохиур гээд юу ч байж болно. Яг л ийм замаар Balmain Hair шугам үүсч байжээ. Business of Fashion сэтгүүлийн мэдэгдэж буйгаар энэхүү шугам нь одооноос эхлэн Balmain-ы албан ёсны салбар болох гэнэ. Тэд хамгийн сүүлийн загварын шоун дээрээ Жижи Хадид ба Кендалл Женнер нарыг амжилттай хувиргаснаар энэ шийдвэрийг гаргахад хүрчээ.
Энэхүү хиймэл үсний шугамыг анх Голландын парик бүтээгч Дик Гюликер эхлүүлсэн аж. Тэрбээр 1974 онд Balmain брэндийн лицензийг авч, Euro Hair гэх компани үүсгэн байгуулсан байна. Харин 2000 онд Balmain-аас шинэ санал ирж, Euro Hair гэх нэрийг нь Balmain Hair болгон өөрчилжээ. Энэ шугам нь зөвхөн парик гэлтгүй мөн сам, шампунь гэх зэрэг үс арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг.