Хайх

Жейн Биркин түүний нэрэмжит алдарт цүнхний нэрийг өөрчлөхийг Hermés-ээс  хүслээ

Жейн Биркин түүний нэрэмжит алдарт цүнхний нэрийг өөрчлөхийг Hermés-ээс хүслээ

Матруудыг хамгаалсан нь

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жүжигчин Жейн Биркин матар нядалгааны тайлантай танилцсаны дараа Hermés-д хандан, матрын арьсаар хийсэн Birkin цүнхний нэрийг өөрчлөхийг хүсчээ

Дэлхийн хамгийн алдартай бөгөөд эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон Birkin цүнх нь английн загвар өмсөгч, жүжигчин ба дуучин Жейн Биркины нэрэмжит цүнх билээ. Харин алдарт бүсгүй маань матар нядлах хэрцгийллийн эсрэг тэмцэхээр шийджээ. Иймд тэрбээр Hermés брэндийг үйлдвэрлэлийн олон улсын стандартыг хангаж, хэвлийгээр явагч амьтдыг ашиглах шинэ жишигтэй болох хүртэл түүний овгийг дурдахаа болихыг шаардсан байна.

Жейн ийм мэдэгдэл хийхэд  PETA байгуулгын саяхны судалгаа нөлөөлжээ. Судалгааг Техасаас Зимбабве хүртэлх нутаг дэвсгэр дээр байрладаг матрын аж ахуйнуудыг хамруулан хийсэн байна. PETA-гийн мэдэгдэж буйгаар цүнх болох заяатай амьтдыг эхлээд бетон амбаар уруу шидэж, хэрцгийгээр нядалж гаргадаг байна. Мөн тэмцэгчдийн хэлснээр нэг цүнхэнд 2-3 матрын арьс ордог учраас нэг цүнхний ард олон хэрцгийлэл агуулагдаж байгаа аж. Одоогоор Hermés загварын ордон ямар нэг хариу мэдэгдэл өгөөгүй байна.

Баялгийн бэлэг тэмдэг болсон алдарт цүнх өнгөрсөн зууны наяад онд анх олон нийтэд дэлгэгдэж байсан. Анх Жейн Биркин Hermés-ийн тэргүүлэгч Жан-Луи-Дюматай хамт онгоцонд нисэж явахдаа аяллын тохиромжтой арьсан цүнх олддоггүй тул дэрсэн цүнх авч явна хэмээн гомдоллосон гэдэг. Тэр явдлаас гурван жилийн дараа Дюма жүжигчин бүсгүйд тусгайлан зориулж хар арьсан цүнх бүтээж өгсөн билээ.

Birkin-ийн үнэ $10,000-оос эхэлж тусгай арьсаар (жишээ нь матрын арьс) хийгдсэн тохиолдолд зургаан оронтой тоо хүртэл өсдөг онцлогтой. Өнгөрсөн 6-р сард Хонг-Конг-д болсон Christie's дуудлага худалдааны үеэр гэхэд нэг цүнх нь 223,000 доллараар зарагдаж рекорд тогтоосон байдаг.

Жейн Биркин түүний нэрэмжит алдарт цүнхний нэрийг өөрчлөхийг Hermés-ээс  хүслээ (фото 1)

цааш үзэх