Dolce & Gabbana брэнд Монголд ирлээ: Яагаад загварынхан энэ ордны хувцсыг сонгодог вэ?
Брэндийн намар-өвөл 2022 цуглуулгыг âme болон Quinto concept store-оос сонирхох боломжтой
Итали улс нь 11-р зуунаас хойш өндөр чанартай гар урлал, нягт, нямбай хийц, тансаг загваруудаараа салбартаа тэргүүлсээр ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид, худалдан авагчдыг байлдын дагуулдаг Миланы загварын долоо хоног, баялаг түүхтэй хувцасны брэндүүд, шилдэг их сургуулиуд, үеэс үед өвлөгдөн ирсэн ноу-хау зэрэг нь өдгөө Италийн хөрсөнд тусгалаа олжээ. Харин энэ их амжилтад хүрэхэд нөлөөлсөн бүтээлч гартай эрхмүүдийн нэг бол Доменико Дольче болон Стефано Габбана нар юм. Тэдний үүсгэн байгуулсан Dolce & Gabbana брэнд нь нарийн, төвөгтэй хээ угалз, тансаг чимэглэл бүхий трендээс ангид уран сэтгэмжээрээ орчин үеийн загварын ертөнцийг тодорхойлж байна.
Dolce & Gabbana Итали бүсгүйн хувцасны шүүгээнээс эхлэн Холливүүдийн алдартнуудын улаан хивсний төрхийг бүрдүүлж, цаашлаад Ойрх Дорнод, Азийн орнуудаар хүрээгээ тэлж чадсан юм. Тэгвэл Монголчууд бидэнд ч гэсэн Dolce & Gabbana-гийн хамгийн сүүлийн үеийн загваруудаас худалдан авалт хийх боломж нээгдээд байна. Та яг одоо Шангри-Ла моллын нэг давхарт байрлах âme болон Quinto concept store-уудаас брэндийн намар-өвөл эрэгтэй, эмэгтэй цуглуулгыг сонирхоорой.
Дольче болон Габбана
Загварын ордны үүсгэн байгуулагчдын нэг Стефано Габбано нь 1962 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Милан хотод төржээ. Түүний аав хэвлэлийн үйлдвэрт ажиллаж, харин ээж нь цэвэрлэгч хийдэг байв. Габбано бага байхаасаа уран зурагт дурлаж, улмаар загварын салбарт хүч үзэхээсээ өмнө график дизайны мэргэжлийг эзэмшжээ. Харин Доменико Дольчегийн бага нас Сицилийн арал дээр оёдлын цех ажиллуулдаг Альфонсо Дольчегийн энгийн нэгэн гэр бүлд өрнөсөн билээ. Тэрээр ухаан орсон цагаасаа эхлэн эцгийнхээ ажилд туслан, зургаахан насандаа оёж сурсан бөгөөд эргэн тойрных нь түүний чадварыг агуу Моцарттай жишдэг байжээ.
Дольче болон Габбана нар 1980 онд Giorgio Corregarri брэндэд туслах дизайнераар ажиллаж байхдаа танилцсан байна. Тэд хоёул 1950, 1960-аад оны глэм рок хэв маягт дурладаг, мөн өөрсдийн гэсэн брэндээ эхлүүлэх зорилгоор нэгдэн 1982 онд зөвлөх үйлчилгээ үзүүлэх студийг байгуулж, аажимдаа Dolce & Gabbana загварын ордны суурийг тавьсан юм.
Оройхон гараад ширүүхэн дайрав
Dolce & Gabbana нь 1985 оны Миланы загварын долоо хоногт танилцуулсан “Real Women” анхны цуглуулгаараа хөрөнгө оруулагчид, худалдан авагчид, сэтгүүлчдийн анхаарлыг татаж, дебютээ маш амжилттай хийсэнд тооцогддог. Тухайн үед дизайнеруудад мэргэжлийн моделиуд ажиллуулах хөрөнгө мөнгө байгаагүй тул найзууд болон танилуудаасаа багаа бүрдүүлж байжээ. Мөн загварын тайзнаа өлгөсөн байсан хөшиг бол Дольчегийн гэрээсээ авчирсан орны даавуу гэдгийг бүтээлч захирлууд дурсан ярьдаг билээ. “Real Women” цуглуулгын хувьд Италийн соёлын өвийн тусгал болж чадсан гэж шүүмжлэгчид дүгнэдэг юм.
Поп сенсац
Dolce & Gabbana тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар 1993 онд поп хөгжмийн шүтээнүүдийн нэг Мадоннагийн сонголтоор тодордог. Улмаар Уитни Хьюстон, Тина Тёрнер, Кайли Миноуг, Бэн Аффлек зэрэг алдартнууд бүтээлч захирлуудад төрхөө даатгаж эхэлдэг билээ. Дольче болон Габбана нар үйлчлүүлэгчидтэйгээ ажиллахдаа гэрээг биш харилцааг эрхэмлэдэг байжээ. Энэ нь ч тус загварын ордныг өнөөгийн поп соёлын нэг хэсэг болоход түлхэц болсон юм.
Өдгөө брэндийн бүтээлээр гоёдог олны танил эрхмүүд тоолж баршгүй их болжээ. Хамгийн сүүлд л гэхэд Кортни Кардашьян болон Трэвис Баркер нар өөрсдийн хуримын ёслолд Dolce & Gabbana-гийн даашинз, хүрмээр гоёсны сацуу хүрэлцэн ирсэн зочид хүртэл тус брэндийн загвараас өмсөж уг арга хэмжээ нь оны онцлох үйл явдлаар тодорсон юм.
Dolce & Gabbana-гийн стиль
Dolce & Gabbana анхны цуглуулгаа танилцуулж байсан 80-аад онд загвар тэр чигтээ зөөлөвчтэй пиджак, брюкэн өмдний хослолоор амьсгалж байв. Харин брэндийн бүтээлч захирлууд тухайн үед хээтэй торон даашинз, олон давхар хормойтой юбка зэрэг тэрслүү загваруудыг харуулж хүчтэй контрастыг үүсгэж чадсан билээ. Ерөнхийдөө тэд Италийн реализмын үеийн эмэгтэйчүүдийг магтан дуулж, зоримог максималист хэв маяг баримталдаг бөгөөд урладаг загварууд нь трендээс ангид эрч хүчтэй эмэгтэйчүүд болон эрчүүдийн таашаалд нийцдэг.
Бүтээлч захирлууд хувцасныхаа пропорц буюу харьцаан дээр чухалчлан анхаардаг. Тиймдээ ч тэдний тейлор хийцийн бүтээлүүд салбартаа хүлээн зөвшөөрөгддөг билээ. Мөн Dolce & Gabbana олон төрлийн хээ, угалз, өнгө болон чимэглэлийг цуглуулгууддаа оруулж, маш чадварлагаар хооронд нь хольж чаддаг цөөн хэдэн загварын орднуудын нэг юм.
âme болон Quinto concept store-д ирсэн намар-өвөл 2022 цуглуулга
Стефано болон Доменико нар хар өнгийн хувцсыг улиг болсон, уйтгартай биш харин сэтгэл сэргэм, цоглог харагдуулж чаддаг болох нь намар-өвөл 2022 цуглуулгаас харагдана. Цуглуулгад тэвхгэр мөр, бэлхүүс тодотгосон силуэттэй пальто, юутай ч хослуулж болох даашинз, юбка, топны хослол зэрэг загварууд багтсан бөгөөд бүгд âme concept store-д дэлгэгджээ. Харин эрчүүдийн хувцсаар дагнадаг Quinto concept store-оос намрын сэрүүнд тохиромжтой ноосон цамц, твид хүрэм, Dolce & Gabbana-г илтгэдэг бариу болон шулуун эсгүүртэй өмднүүдээс сонголтоо хийх боломжтой.
âme concept store
Хаяг: Шангри-Ла Молл 1 давхарт
Утас: 77550505
Facebook Ame Concept Store
Instagram @ame_concept_store
Quinto concept store
Хаяг: Шангри-Ла Молл 1 давхарт
Утас: 77555151
Facebook Quinto Concept Store
Instagram @quinto_concept_store